Сургууль, ажлын гараагаа эхлэхийн өмнөх залуусд Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчаар төгссөн мэргэжилтэнд олон боломж нээлттэй байгаа талаар АШУҮИС-ийн багш Д.Батлхам-тай хийсэн ярилцлага

Д.БАТЛХАМ: Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчаар төгссөн мэргэжилтэнд олон боломж нээлттэй байна

Монгол Улсад нэн шинээр хөгжиж буй хөдөлмөр засалч болон хөдөлгөөн засалч мэргэжлийн талаар АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбооны нарийн бичгийн дарга Д.Батлхамтай ярилцлаа. Эдгээр мэргэжлээр төгссөн хүмүүс ажлын байраар 100 хувь хангагдах баталгаатай бөгөөд гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжууд өргөн нээлттэй. Энэ мэт давуу тал ихтэй ч сүүлийн жилүүдэд элсэлт буураад байгаа аж. Тэгэхээр хөдөлмөр болон хөдөлгөөн засалчийн талаар мэргэжлийн багштай яриа өрнүүлсэн юм.

-Монголд сэргээн засах мэргэжилтнийг хэзээнээс бакалаврын түвшинд бэлтгэж эхэлсэн бэ. Ингэснээр ямар давуу талууд бий болсон бэ?

-Хөдөлгөөн заслын мэргэжил Монголд шинэ тутамд хөгжиж байгаа гэж болно. Сэргээн засах анагаах ухааны гурван тулгуур мэргэжил гэж бий. Нэгдүгээрт хөдөлгөөн засалч. Дараагийнх нь хөдөлмөр засалч. Гурав дахь нь хэл засалч. 2007 онд АШУҮИС Японы Гүнма их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хөдөлгөөн засалчийн анги нээсэн. Үүнээс хойш жил бүр энэ мэргэжлээр элсэлт авч байна. Өнгөрсөн онд 11 дэх удаагийн төгсөлт болсон. Ингэснээр өдгөө улсын хэмжээнд хөдөлгөөн засалчаар 208 мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Тархины саажилттай хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, цэцэрлэг, сургуульд бидний бэлтгэсэн хөдөлгөөн засалч эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Үүнээс гадна хувийн зарим эмнэлэг, зургаан аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн ийм мэргэжилтэн бий. АШУҮИС мөн Гүнма их сургуультай хамтран 2014 онд хөдөлмөр засалчийн анги нээсэн. Одоогоор тав дахь төгсөлтөө хийж, 20 мэргэжилтэн бэлтгээд байна. Хөдөлмөр засалч мэргэжилтэн манай улсад маш эрэлттэй байгаа.

Сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ гэдэг нь маш өргөн, нарийн ойлголт. Иргэд хөдөлгөөн болон хөдөлмөр засалчийг нэг зүйл мэтээр андуурдаг. Эдгээр нь тус тусын онцлогтой тусламж, үйлчилгээ үзүүлдэг, багаар ажилладаг мэргэжилтэн юм. Хэл засалчийн хувьд одоогоор бакалаврын түвшний мэргэжилтэн хараахан бэлтгэж эхлээгүй. Цөөн эмнэлэгт энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бий. Тэд ихэвчлэн гадаадын мэргэжилтнүүдийг дагаж мэргэшсэн, эсвэл ОХУ-д суралцсан байдаг. Хэл ярианы үйл ажиллагаа төрөлхийн болон олдмолоор алдагдсан үед энэ мэргэжлийн эмч тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Мөн л эрэлт ихтэй мэргэжил.

-Бакалаврын түвшний хөдөлгөөн засалчийн анхны төгсөлтөөс буюу 2011 оноос өмнө энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг физик эмчилгээгээр л төсөөлж ирсэн. Тэгэхээр хөдөлгөөн болон хөдөлмөр засалч мэргэжлийн онцлогийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Хөдөлгөөн засалч бол гэмтэж, бэртсэн, цус харвасан, тэр ч бүү хэл хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор хүний бие махбодын чухам аль хэсэгт хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдал үүссэнийг оношилж, эмчилдэг. Жишээ нь, нурууны өвдөлт түгээмэл байдаг. Тэгвэл яг аль үений, ямар булчингийн үйл ажиллагаа суларснаас болж нуруу өвдсөнийг эл мэргэжилтэн үйл ажиллагааны түвшинд нь оношилно. Магадгүй хүний алхаа өөрчлөгдсөн бол мөн л юунаас үүдэлтэйг нь тогтооно гэсэн үг. Түүнчлэн мэдрэлийн болон дотор эрхтний бүх эмгэгийн үед, жишээ нь, цус харвалт, тархины саажилт, нуруу, хүзүүний өвдөлт, хавдрын, бодисын солилцооны үед гэхчлэн өргөн хүрээтэй тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн тулгуур эртхэн тогтолцооны буюу үений эмгэг, энэ төрлийн хагалгааны дараа хөдөлгөөн засал маш чухал. Спортынхны хувьд хөдөлгөөн засалчийн тусламж, үйлчилгээ нэн чухал. Хөдөлгөөн заслын эмчилгээний хүрээ ч өргөн. Хүмүүс үүнийг зөвхөн дасгал, хөдөлгөөн гэж ташаа ойлгох нь бий. Бүх төрлийн физик эмчилгээ, гар засал, мөн үений наалт ч үүнд хамаардаг.

Хөдөлмөр засалчийн хувьд мөн л их өргөн хүрээтэй. Хөдөлмөр гэдэг ойлголтод хүний хийдэг, тухайлбал, шүдээ угаахаас эхлээд өдөр тутамд хийдэг үйлдлүүд багтдаг. Хоёрдугаарт, ажил, мэргэжлийн хөдөлмөр үүнд багтдаг. Гуравдугаарт, ном унших, тоглож, наадах, хөгжим сонсох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх хөдөлмөр үүнд хамаатай. Энэ бүхэн хөдөлмөр гэсэн үндсэн ойлголт юм. Хүний эдгээр үйл ажиллагаа өвчин, эмгэг зэрэг олон янзын шалтгаанаар алдагдсан тохиолдолд хөдөлмөр засалч оношилж, тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Хөдөлмөр заслын онол, үнэлгээ гэж бий. Энгийн мэт боловч агуулгын хувьд тухайн хүнд маш өгөөжтэй эмчилгээ байдаг. Эрүүл хүний хувьд ч ажлын балансаа тохируулахаас эхлээд асуудал үүсдэг. Үүнд хөдөлмөр засалчийн тусламж, үйлчилгээ чухал. Энэ утгаараа эрүүл, өвчтэй хэн бүхэнд өгөөжтэй, тустай мэргэжил юм.

-Сэргээн засах тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна. Энэ чиглэлээр манай улсад ямар төсөл, ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?

-Сэргээн засах төвийн стандартыг баталсантай холбоотойгоор энэ чиглэлийн олон төсөл Монголд хэрэгжүүлж байгаа. Мөн сэргээн засах төвүүд нээгдлээ. ДЭМБ-аас “Сэргээн засах-2030” хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Монголд 2018 оноос “Сэргээн засах өнөөгийн байдал” төслийн эхний шатыг хэрэгжүүлээд дууссан. Хоёрдугаар шат нь сэргээн засахын шинэ стратегид чиглэсэн бөгөөд 2025, 2030 он хүртэл үүнийг дэлхийн түвшинд хүртэл хэрхэн хөгжүүлэх талаарх төслүүд хэрэгжүүлж байна. Түүнчлэн ХНХЯ болон Азийн хөгжлийн банктай хамран зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 2022 оны эхний улиралд багтаан байгуулахаар төлөвлөсний дагуу ажлууд хэрэгжүүлж буй. Энэ бүхний үр дүнд ажлын байр олноор бий болохтой зэрэгцээд хүний нөөцийн асуудал хөндөгдөнө. Хүний нөөцийн хувьд АШУҮИС жил бүр хөдөлгөөн болон хөдөлмөр засалчаар тус бүр 30 хүүхэд элсүүлэх квоттой.

-Хөдөлгөөн, хөдөлмөр засалчийн ангийг хүүхдүүд хэр сонирхож элсдэг бол?

-Ерөнхийдөө квотдоо хүрэхгүй байгаа. Энэ нь таниулан сурталчлах үйл ажиллагаанаас эхлээд эдгээр мэргэжлийн талаар хүүхдүүд сайн мэдэхгүй байгаатай холбоотой болов уу. Элсэлт бүрэн дүүрэн биш болохоор жилд төгсөх боловсон хүчний тоо цөөн байна. Үүнээс шалтгаалан хүний нөөцийн хомсдол үүсдэг. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх, АШУҮИС-ийг сонгосон хүүхдүүд хөдөлмөр болон хөдөлгөөн засалчийн мэргэжлийг судлаад, сонирхоод үзээрэй гэж зөвлөе. Энэ чиглэлээр сурвал олон боломж, давуу тал бий шүү. Тодруулбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцаж, төгсөнө. Ажлын байр 100 хувь хангалттай бий.

Энэ жилийн хувьд өөр нэг давуу тал нь элсэлтийн журамд өөрчлөлт оруулсан. Хөдөлгөөн болон хөдөлмөр засалч мэргэжлээр зөвхөн хими, биологийн хичээлээр шалгалт өгдөг байсан бол шинэ журмын дагуу эдгээрээс гадна математик, физик, нийгмийн ухаан, англи хэлний буюу нийт зургаан хичээлийн дурын хоёрт нь 450-иас дээш оноотой байхад элсэлтийн болзол хангана. Түүнчлэн АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхим төгсөгчдөө магистр, докторын сургалтад хамруулж эхэлсэн. Дараагийн нэг том ажил нь хөдөлгөөн засалчдаа ирэх жилээс хүүхдийнх, дотрынх, мэдрэлийнх зэргээр нарийн мэргэшүүлэхээр бэлтгэл хангаад явж байна. Сургалтын хөтөлбөрийг батлуулах, үүнийг хөтлөн явуулах багш, боловсон хүчнийг бэлтгэх ажил өдгөө үргэлжилж байна. Нарийн мэргэшүүлэх эл сургалтыг эхний ээлжид нэг жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн. Ингэж мэргэшүүлснээр тухайн өвчтөн, үйлчлүүлэгчдийнхээ онцлогт тохируулах, ингэснээр эмчилгээ, тусламж, үйлчилгээ илүү оновчтой болох зэрэг олон давуу талтай.

-“Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүст сэргээн засах, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх нь чухал гэж ДЭМБ-аас зөвлөж байгаа. Тэгэхээр хөдөлгөөн болон хөдөлмөр засалч мэргэжилтний эрэлт улам л ихсэж байгаа болов уу?

-Эл өвчнийг тусаад, эдгэрсэн хүмүүст урт хугацаанд шинж тэмдэг үргэлжилж байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлэн, зөвлөж гаргасан. Ийм үед хөдөлгөөн, хөдөлмөр засалчийн тусламж, үйлчилгээ олон улсын хэмжээнд их чухал байгаа. Тухайн хүний биеийн байдал, сэргэх чадвар зэргийг тооцоолон ачааллыг тааруулан дасгал, хөдөлгөөн заах зэргээр ажиллах шаардлагатай гэсэн үг. Энэ талаар зарим хувийн эмнэлэгт багц үйлчилгээ үзүүлж байгаа юм билээ.

-Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо хөдөлгөөн засах мэргэжлээр төгссөн боловсон хүчнийг байнгын мэдээллээр хангадаг гэсэн. Холбооны талаар товчхон танилцуулаач?

-2011 онд байгуулсан Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо улсын хэмжээнд энэ чиглэлээр төгссөн хөдөлгөөн засалч нарыг нэгтгэж, насан туршийн боловсролд хамруулан, мэдээллээр хангах зорилготой. Түүнчлэн хөдөлгөөн засалчдад тулгардаг асуудлууд, тэр дундаа хууль, эрх зүйн орчныг шийдвэрлэх тал дээр анхааран ажилладаг. 2015 онд Дэлхийн бие бялдар, хөдөлгөөн заслын холбоонд элссэн. Ингэснээр тухайн байгууллагаас гаргаж байгаа бичиг баримт, удирдамж зэргийг шууд хэрэглэх эрхтэй. Цаашлаад гадаад харилцаа, туршлага судлах зэрэг давуу талтай. Жил бүрийн есдүгээр сарын 8-нд Дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэдэг. Энэ оны сэдэв нь “Ковид-19”-ийн урт хугацааны үеийн хөдөлгөөн засал”.

-Иргэд нуруу, хөл өвдлөө гээд дур мэдэн сургаар “эмчилдэг”. Та энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Нурууны өвдөлтийн шалтгаан хүн бүрт өөр. Аль үе, ямар булчингийн үйл ажиллагаа доголдсоныг тогтоохгүй, ерөнхийд нь массаж хийх нь үр дүнтэй биш. Массаж хийхээр хэсэг газрын цусан хангамж сайжирдаг тул тухайн үедээ өвдөлт нь бага зэрэг намдана. Тэрнээс биш, анатоми, физиологийн хувьд алдагдсан зүйлийг нь бүрэн засаж, хэвийн түвшинд оруулж чадахгүй. Тиймээс нарийн мэргэжлийн хөдөлгөөн засалчид үзүүлээд, булчингийн үйл ажиллагааны алдагдал, хөдөлгөөний хязгаарлалт байгаа, эсэхийг тодруулсны дараа өөрт тохирсон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ өвдөлтийг бууруулах эмчилгээнүүдийг хамт хийнэ. Өөрөөр хэлбэл, хавсарсан, цогц эмчилгээ хийнэ. Түүнчлэн урьдчилан сэргийлэх байдлаар хөдөлгөөн засалчаас зөвлөгөө, авч, дасгал хөдөлгөөн заалгах боломжтой. Тиймээс иргэд үйлчлүүлэх газартаа цензур тавьж, эрүүл мэндээ хамгаалах ёстой. Нөгөөтээгүүр, анагаахын чиглэлээр сургууль төгсөөд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх хүн тухайн чиглэлээрээ лицензтэй байдаг. Иргэд үүнийг нь үзэж, шалгах эрхтэй. Анагаахын чиглэлийн мэргэжилтэн бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байдаг. Монгол Улсад эмчлэх, сэргээн засах, сувилах, эх барих, эм барих гэсэн таван чиглэлээр лиценз олгодог. Олон улсын жишгээр бол гар заслын тусламж, үйлчилгээг богино хугацааны дамжаа, сургалтаар сурсан мэргэжилтнүүдэд олгодоггүй. Хөдөлгөөн засалч мэргэжлээрээ гурван жил ажилласны дараа гарын мэдрэмжийн шалгалт өгөхийг шаарддаг. Ингээд тэнцсэн хүмүүсийг дахин хоёр жил сургасны эцэст иргэдэд гар заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрдөг.

Хуваалцах:
Tweet 20