ХБИ-ийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр шимийг хүртэж чадаж байна уу, хэрхэн сайжруулах вэ?

ХБИ-ийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр шимийн хүртээмжийг сайжруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дамбий, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Л.Энхбаяр, “Сэнтрал экспресс си ви эс” компани буюу “CU Mongolia” сүлжээ дэлгүүрийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт хариуцсан менежер Э.Сэвжидмаа, Цаг уур, орчны шинжилгээний газрын хүний нөөц, бичиг хэргийн архив хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал нарыг урьж, дээрх сэдвийн хүрээнд ярилцлаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэлгээ, хандлага хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хөдөлмөрлөж, түүнийгээ үнэлүүлж, үр шимийг нь хүртэж, нийгмийн харилцаанд оролцох эрхтэй. Гэвч орчны хүртээмжгүй байдал, ялгаварлан гадуурхалт, нийгмийн хандлага, ажил олгогчийн зүгээс тавих хатуу шаардлага зэргээс эхлээд олон хүчин зүйл тэдний эрхийг хязгаарлаж байдаг. Тиймээс улс орон бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах, амьдралын чанараа дээшлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, эрх тэгш, хүртээмжтэй, ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зорьж, тэмүүлдэг. Харин манай улсад нөхцөл байдал ямар байгаа вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт, хэрэгцээг хангаж чадаж байна уу. Төр, засаг энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. “Өнөөдөр” сонин эдгээр асуултад хариулт авахаар “Редакцын уулзалт” зохион байгууллаа.

Энэ удаагийн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дамбий, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Л.Энхбаяр, “Сэнтрал экспресс си ви эс” компани буюу “CU Mongolia” сүлжээ дэлгүүрийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт хариуцсан менежер Э.Сэвжидмаа, Цаг уур, орчны шинжилгээний газрын хүний нөөц, бичиг хэргийн архив хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал нарыг урьж, дээрх сэдвийн хүрээнд ярилцлаа. Бид мэдээллийг бодитой, тэнцвэртэй байлгаж, олон талын байр суурийг тусгах үүднээс төр, хувийн хэвшлийн байгууллага, ажил олгогчоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сонгосон юм. Ч.Ариунжаргалын хувьд тулгуур эрхтний бэрхшээлтэй бөгөөд цаг уурын байгууллагад хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж буй.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр шимийг хүртэж чадаж байна уу гэсэн асуултаар хэлэлцүүлгээ эхлүүлье. Та бүхэн байр сууриа илэрхийлэхгүй юү?

С.Д: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд төр онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг. Учир нь ийм бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, гэр бүлийнхээ амьжиргааг хариуцах боломж хязгаарлагдмал. Тиймээс төрийн оролцоо зайлшгүй чухал. Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын болон олон улсын бусад конвенцод гишүүнээр элссэн. Ингэснээр олон улсад дагаж мөрдөж буй стандарт, хэм хэмжээг хууль, эрх зүйн онцлогтоо тохируулан бий болгох, хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж, үүний дагуу ажиллаж байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107 мянга гаруй хүн бий. Үүнээс 20 орчим мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Дэд бүтэц, орчны хүртээмжийг сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, ХНХЯ нэлээд олон ажил хийж байгаа. Эдийн засгийн чадамж сайтай, хөгжингүй орнууд шиг дэд бүтцэд хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулж, хэрэгжүүлж чадахгүй байгаа ч энэ бүхнийг өөрчлөхийн төлөө хичээж буй. Иргэн хөгжлийн бэрхшээлийнхээ онцлогоос хамаарч хөдөлмөр эрхэлж чаддаггүй, нийгмээс тусгаарлагддаг тэгш бус байдлыг арилгахын төлөө ажилласаар байна. ХНХЯ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тодорхой дэмжлэг, урамшууллыг үзүүлдэг. Үүнийг улам сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй илүү олон иргэн хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хийх зүйл мэдээж бий. Тэр ч үүднээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэж бий. Аймаг, дүүргүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлаар шийдвэр гаргах түвшний дэд зөвлөлийг ажиллуулдаг. Эдгээр байгууллагынхны саналыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлуудад аль болох тусгахыг чухалчилдаг.

Л.Э: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бид олон жилийн өмнөөс нухацтай ярьж эхэлсэн. Төр, засаг сүүлийн 10 жилд энэ чиглэлээр багагүй ажил хийсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 15 жил ажилласан хүний хувьд дүгнэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин эрс өөрчлөгдсөн байна. Энэ чиглэлийн зохицуулалтууд суурь, гол хуулиудад тусгалаа олжээ. Төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид жил бүр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийдэг. Энэ үеэр хөнддөг гол асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих тухай байдаг. Энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, шинэ ажлын байр бий болгож, бизнесүүдийг дэмжихэд төр, засгаас жил бүр багагүй хөрөнгө зарцуулж, анхаарал хандуулдаг. Гэвч олон жил хөндөгдөж буй атлаа ер хэрэгждэггүй нэг зохицуулалт байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн заалтууд. 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэж энд тусгасан. Хэрэгжүүлээгүй тохиолдолд зохих орон тоо тутамд Засгийн газраас тогтоосны дагуу сар бүр төлбөр төлөх учиртай. Энэ зүйл, заалтыг биелүүлдэггүй аж ахуйн нэгжүүдтэй хуулийн дагуу “ярьдаг” бол маш их хэмжээний хөрөнгө төвлөрөх ёстой. Тэр хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр, өрхийн бизнесийг дэмжих зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Гэвч бодит байдалд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Зохих төлбөрөө аж ахуйн нэгжүүдээс бүрэн авч чадахгүй, 20-30 хувийн биелэлттэй буй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүний хэрэгжилтийг сайжруулахын төлөө цаашид нэлээд “шахаж” ажиллана. Ер нь ажил олгогчидтойгоо хамтрах нь зүй ёсны шаардлага гэж үзэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр тэр болгон олддоггүй. Дийлэнхдээ туслах, гүйцэтгэх ажил санал болгодог. Уг нь жил бүр тодорхой тооны хүн их, дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж буй шүү дээ. Тэднийг боломжийн, өөрт нь тохирсон ажлын байрт хүргэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж хэлэлцэж байна. Энэ далимд ажил олгогчийн санал, сэтгэгдлийг бас сонсъё.

Э.С: -Юуны түрүүнд компанийнхаа талаар товч танилцуулъя. Одоогийн байдлаар манайх 130 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хонхорт байрлалтай хоолны үйлдвэрт 200 гаруй хүн ажиллуулах хүчин чадалтай. “ДЦС-4”-т байрлалтай түгээлтийн төвд мөн цөөнгүй хүн ажилладаг. Нийтдээ 1200 гаруй ажилтантай. Манай салбар дэлгүүрүүд болон үйлдвэрт нийтдээ сар бүр ойролцоогоор хөгжлийн бэрхшээлтэй 36-40 иргэн ажилладаг. Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулсаар ирсэн.

Манай компанийн хувьд ажилтнуудаа хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгадаггүй. Бусдын адил ажиллаж, сурч хөгжин, өсөж дэвших боломжийг эн тэнцүү олгохыг чухалчилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэнхдээ гүйцэтгэх түвшний ажил хийдэг гэсэн ойлголт, хандлага нийгэмд байдаг. Бодит байдал дээр ч тийм байгаа. Энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөх боломжийг бид ажилтнууддаа олгодог. Жишээ дурдахад, манай дэлгүүрт хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаар ороод, туслах менежер болтлоо дэвшсэн хөгжлийн бэрхшээлтэй ажилтан бий. Үйлчилгээний ажилтнуудын дунд ур чадвараа үнэлүүлж, цалингийнхаа шатлалыг ахиулсан, урамшуулал авсан хүн ч олон байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамт олны хандлага, уур амьсгал маш чухал. Тиймээс манай байгууллага ийм онцлогтой иргэдтэй хэрхэн ажиллаж, ойлголцож, хүлээж авах тухай сургалтуудыг ажилтнуудынхаа дунд зохион байгуулдаг. Ажилтнууд маань энэ талаар бүрэн ойлголттой болсон. Үйлчлүүлэгчдийн хандлага ч өөрчлөгдсөн. Тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сайхан сэтгэгдэл төрүүлж, ажлаасаа таашаал авах боломж бүрдэж байна. Бид ч үүнд урамшиж, өөр өөр төрлийн бэрхшээлтэй, илүү олон хүнийг ажиллуулахыг зорьж байгаа.

Б.А: -Нэн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандлага, сэтгэхүйг өөрчлөх ёстой юм болов уу гэж боддог. Байшингийн суурийг хэр зөв тавихаас их зүйл шалтгаалдаг шиг хувь хүнээс олон зүйл хамаарна. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн, эрх ашгийг хамгаалах чиглэлийн олон байгууллагад ажиллаж байсан. Сувилагч, цэвэрлэгч, хэвлэлийн дизайнер, худалдагч, менежерээс эхлээд хийж үзээгүй ажил үгүй. Тухайн үед хүмүүсийг ажилд зуучлахаар байгууллагуудад очиход “Авмаар байна. Даанч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэг л өдөр алга болчихдог. Янз бүрийн шалтаг хэлдэг” гэсэн нийтлэг зүйл ярьдаг байлаа. Би түүнд нь итгэдэггүй байсан. Аж ахуйн нэгжүүдийг, хуулийн тогтолцоог буруутгаад өнгөрдөг байв. Гэтэл ийм тохиолдол түгээмэл юм билээ.

Хүн өөрийгөө дайчилж, хөгжүүлж чадвал бие махбодын бэрхшээл юу ч биш. Хөгжиж, дэвших боломж бидэнд нээлттэй гэдгийг бусдад батлан харуулахын тулд би уйгагүй сурч, хөгжиж, өнөөдрийн түвшинд хүрсэн. Хүн өөрөөсөө л эхлэх ёстой юм билээ. Миний нийгэмд эзлэх байр суурь, эрхлэх ажил ямар байх нь надаас л шалтгаална. Тэгэхээр нэн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ийм сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Сурч боловсрохгүй, хандлага, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол тэд нийгмийн харилцаанд оролцож, бусдын адил хөдөлмөрлөж чадахгүй шүү дээ. Ийм тохиолдолд бид дээгүүрээ хууль, журам хэчнээн яриад, байгууллагууд сул орон тоо гаргаад нэмэргүй шүү дээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд дээд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Их, дээд сургууль төгссөн хүний харилцаа, хандлага аяндаа өөрчлөгдөж, дараа дараагийн боломжуудыг олж хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ гэж их ярьдаг. Гэтэл энэ боломж өдрөөр сурч буй оюутнуудад л олддог. Уг нь бид ажлынхаа хажуугаар, оройн цагаар суралцмаар байна шүү дээ. Тийм боломж үнэхээр алга. Үүнээс болоод үйлчилгээний ажил хийхээс аргагүйд хүрч байна.

С.Д: -Хандлага, сэтгэлгээг өөрчлөх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдэг ямар нэг хууль батлаад, эсвэл хэн нэгэнд дэмжлэг, туслалцаа үзүүлээд шийдчихдэг асуудал биш. Иргэдийг багаас нь хүмүүжүүлж, боловсрол олгож, хөгжүүлэх замаар хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх үйл явц юм. Хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжүүллээ хэмээн зарим хүн шүүмжлэлтэй ханддаг нь учиртай. Ажил хөдөлмөр эрхлэхээс хойш суудаг хүн манай улсад олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ч байгаа. 107 мянга гаруй хүнээс 20 мянга нь л ажил идэвхтэй хайж байх жишээтэй. Тэтгэмж аваад, гэртээ суух сонирхолтой хүн олон. Үүнтэй холбогдуулан манай яам халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж, энэ чиглэлийн ажлуудыг хийж байна. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, зайлшгүй дэмжлэг хэрэгтэй хүмүүст халамж олгоё. Харин хөдөлмөрийн насны, ажил эрхлэх чадвартай хүмүүсийг чадвар, мэдлэгт нь суурилсан хөдөлмөрт бэлдэх, сургах чиглэл баримталж буй.

-Ажил олгогчоос асууя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ. Мөн танай байгууллагад төрөөс ямар нэг хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг үү?

Э.С: -Ямар бэрхшээлтэйгээс хамаараад өөр өөр онцлогтой хүмүүс бий. Өөрийгөө бусдад, нийгэмд бүрэн ойлгуулж чадахгүй байгаадаа бухимдах явдал түгээмэл ажиглагддаг. Түүнийг нь хүлээж авч буй хүмүүсийн зүгээс харилцаа, хандлагаа багахан өөрчлөхөд л тэд маань урамшдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд бага ордог учраас өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд нь саад болдог. Нийгэм үүнийг нь ойлгохгүйгээс болоод харилцаанд үл ойлголцол үүсэх нь бий. Ийм асуудлаас үүдээд сэтгэлээр унах, гомдох, өөрийгөө тусгаарлах тохиолдол элбэг байдаг. Хамгийн анх хамтарч ажиллаж эхэлж байх үед харилцан ойлголцохтой холбоотой бага зэрэг хүндрэлүүд мэдээж гардаг байсан. Харин одоо өөрчлөгдсөн. Бид л тэднийг харах хандлага, өнцгөө өөрчилж, гараа дэлгэн, хүлээж авах ёстой юм билээ. Ажил үүргийн хувьд өөр бэрхшээлтэй зүйл үгүй.

Манай компанийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууддаа ямар нэг шаардлага, шалгуур тавьдаггүй. Бүгд ижил түвшнээс эхэлж, хамтдаа сурч, хөгжих, хамт олон, найз нөхөдтэй болох нөхцөлөөр хангадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жирийн иргэдээс илүү хичээнгүй, аливаад сэтгэлээсээ хандаж, багахан зүйлд ч баярладаг. Хамт ажиллах тусам энэ мэт сайхан чанарыг нь нээж, олж харж байна. Одоогийн байдлаар манай компани төрөөс дэмжлэг, урамшуулал авдаггүй ч бие даан илүү олон иргэнийг ажлын байраар хангахаар зорьж ажиллаж байгаа.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг хөрөнгийн хэмжээ, зарцуулалттай холбоотой мэдээлэл өгөхгүй юү?

Б.А: -Эндээс төвлөрүүлдэг хөрөнгийг над шиг сурч эрмэлзэх хүсэлтэй хүмүүст зориулж яагаад болохгүй гэж. Зөвхөн төлбөрийн чадамжгүйгээс болоод их, дээд сургуульд сурч чадахгүй хүн өчнөөн бий шүү дээ. Би ч ийм асуудалтай нүүр тулсан. Энэ асуудлаар холбогдох байгууллагад очсон. Хэн ч гараа сунгаж, туслаагүй. Холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлж, төвлөрсөн хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж, хөгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй. Дөрвөн орон тоо тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн ажиллуулах ёстой гэдэг. Гэтэл төрийн байгууллагынхан энэ хуулийг мэддэггүй юм билээ. Хувийн хэвшлийнхэн болохоор “Торгуулийг нь төлсөн нь дээр. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах нь бөөн төвөг” гэсэн байр сууриас ханддаг. Би ийм зүйл өчнөөн удаа сонссон.

С.Д: -Энэ хуулийн зүйл, заалт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Засгийн газар, ХНХЯ-ны гол баримталж буй бодлого бол эл зохицуулалтаар дамжуулан аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний төлбөр хуримтлуулах бус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм. Нэг аж ахуйн нэгжээс төлбөр авахаас илүү хоёр хүнийг ажлын байртай болгох нь бидний тэргүүний зорилго. Үнэхээр ажиллуулах боломжгүй (хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаараад) бол төлбөрөө төл гэдэг шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа.

Манай улсад 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж 7200 орчим бий. Эдгээрээс 3100 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг. Үлдсэн 4100 аж ахуйн нэгж ажлын байрны төлбөр зайлшгүй төлөх ёстойгоос 300 гаруй нь л үүргээ биелүүлдэг. 2015, 2016 оны үед аж ахуйн нэгжүүд ажлын байрны төлбөрт жилдээ 400-500 сая төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2018 онд нэг, 2019 онд 3.6 тэрбум болж өссөн. 2020 онд 8.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, ажлын байрны төлбөрийг нэмэгдүүлсэн нь энэ өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн юм. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 40, 50 хувьтай дүйцүүлж төлбөр авдаг байсан бол одоо дундаж цалингийнхаар тооцож буй. Бараг хоёр дахин өссөн гэсэн үг. Уул уурхайн компаниуд өмнөхөөс гурав дахин илүүг төлдөг болсон.

Ажлын байрны төлбөрийн мөнгийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөхцөлтэйгөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг. Хэдэн төгрөг төвлөрнө, тэр чигээр нь, эсвэл түүнийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж, энэ чиглэлийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Жилд 300 сая, нэг тэрбум төгрөг төвлөрүүлдэг байх үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 3-3.5 тэрбумыг зарцуулдаг байсан. Өнгөрсөн онд төсөвлөснөөс хэд дахин их хэмжээний мөнгө төвлөрнө гэж тооцоолоогүй учраас 4.5 тэрбум төгрөгөөр хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр тусгасан. Харин өнгөрсөн зургадугаар сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хуваарьт өөрчлөлт оруулснаар орлогоо бүрэн хэмжээгээр нь зарцуулах боломж бүрдсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хувиараа аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдэд тав хүртэлх сая төгрөгийг 50 хувийг нь эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр, ямар нэг барьцаа, хүүгүй, банкаар дамжуулахгүй олгодог. Шинэчлэн найруулсан хуулиар бол ажлын байрны төлбөрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд санд төвлөрүүлэх юм билээ. Аль санд төвлөрүүлэх нь тийм ч чухал биш. Зөв зүйлд хөрөнгө оруулж, хэрэгтэй хүнд хүргэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго. Төлбөр хуримтлуулдаг сан өөрчлөгдлөө гээд хэрэгжүүлдэг ажлууд зогсохгүй. Урьдын хэвээр үргэлжлүүлнэ.

Япон зэрэг олон оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд ороход нь дадлагажуулдаг хүн (job coaching) томилж ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд ажилд зуучилчихаад дараа нь ажлын байрыг нь тохируулж, дадлагажуулдаг тогтолцоо хөгжсөн. ХНХЯ, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-өөр дамжуулан энэ үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-4100 аж ахуйн нэгжээс 300 гаруй нь төлбөр төлж буй нь хангалтгүй үзүүлэлт. Хуулийн хэрэгжилтэд “Ковид-19” нөлөөлж байгаа гэлээ. Хэрэгжилтийг нь хангах, сайжруулахын тулд үйлдвэрчний эвлэл, холбоо, ТББ-ууд хамтарч ажиллана гэж та сая ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу. Холбоод хэрхэн нөлөөлөх боломжтой вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахын тулд юунд анхаарах хэрэгтэй бол?

Л.Э: -Бид Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд асуудлыг тавьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд зам талбай, дэд бүтэцтэй байх ёстой гэж бид олон жил ярьсан. Манай байгууллага хоёр жилийн өмнө судалгаа хийж үзэхэд бид зам, талбайн талаар л яриад байсан болохоос бус, хүмүүстээ хангалттай анхаараагүй юм билээ. 2018 оны арванхоёрдугаар сард дөрвөн жил хэрэгжүүлэх Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр баталсан. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээлэлгүй, мэдээллийн хүртээмжээс хоцорчихсон байгаа. Цар тахал дэгдэхээс өмнө семинар, хурал зохион байгууллаа гэхэд тэдгээрт ирдэг хэдхэн хүн л мэдээлэл авдаг байсан. Тэд цааш нь мэдээлэл дамжуулдаггүй. Бид 2019 онд алслагдсан аймаг, сумдад ажилласан юм. Тухайлбал, Увс аймгийн хойд хэсэгт орших дөрөв, таван сумд ажиллахад иргэд мэдээлэлгүй байдаг нь ажиглагдсан. Мэдээлэл хүртээмжгүй болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж чаддаггүй. Тиймээс бид тэдэнд холбогдох хууль, зүйл заалтын талаар эрх зүйн сургалт явуулсан. Тэгэхэд бичиг үсэггүй, гар утасгүй хүн олон байсан. “Ковид-19” тархсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд бүхий л мэдээллийг цахимаар авчихна л гэж ярьсаар байгаа. Яг үнэндээ технологийн шийдлийг ашиглаж чадахгүй хүн өчнөөн бий. Тиймээс хамгийн түрүүнд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. ХНХЯ-наас сар бүр “мэдээллийн цаг”-аар мэдээ, мэдээлэл хүргэдэг байсан нь сүүлийн хоёр жил шахам завсарлачихлаа. Уг нь хууль тогтоомж, цаашид хийх ажлууд зэргийн талаар мэдээлэл хүргэдэг, ТББ-уудын төлөөллийг уулзуулж, танилцуулдаг байсан. Түүнчлэн ажил олгогчдын хандлагыг өөрчлөхөд анхаарч, сургалт явуулах нь зүйтэй болов уу. Зарим ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой талаар ч мэддэггүй шүү дээ.

Ч.А: -Зарим газарт сонин хэвлэл очдоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо аймаг бүрт бий байх. Гэтэл ийм холбоо байдгийг мэдэхгүй хүн маш олон байдаг юм билээ. Мэдээллээ зорилтот хүмүүст бус, ойрын хэдэн хүндээ хүргэдэг юм шиг санагддаг. Ер нь холбоод мэдээллийг яаж түгээдэг юм бол?

С.Д: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд яаж ажилладаг, хэрхэн гишүүнчлэлтэй болдог, тэдэнд яаж хүрч ажилладаг талаар Л.Энхбаяр гуай хэлэх болов уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ТББ манайд хэт олон, өдгөө тоо нь 100 хол давчихсан. Мэдээж хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаараад тус тусдаа байж болно. Гэхдээ нэгдсэн нэг чиглэлтэй, цөөн тооных байх нь зүйтэй. Тэдгээрийн дунд яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр, төрөөс мөнгө харалгүйгээр өөрсдөө гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс хөрөнгө босгоод, сайн ажилладаг нь бий. Бас ашиг хонжоо хайсан, улсаас мөнгө авахыг боддог нь ч мэр сэр байдаг. Миний хувьд ТББ-ууд цомхон, чадавхтай, хууль, эрх зүйн орчныг сайжруулахад саналаа өгдөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил, үйлчилгээг сайжруулахад олон улсын сайн туршлага хуваалцдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирээдүйд тус дэм болохуйц шийдвэр гаргахад нөлөөлдөг байвал илүү үр дүнтэй гэж үздэг. Мэдээж энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажилладаг ТББ-ууд бий. Бид төрийн ажил, үйлчилгээг ТББ-аар гүйцэтгүүлэх зарчмын хүрээнд ажилладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд санд төвлөрсөн хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил эрхлүүлэхэд зарцуулна гэж буй. Тэгвэл ажиллах гэхэд мэргэжил эзэмшээгүй, сурах гэхээр боломжгүй хүн олон бий. Санд төвлөрүүлсөн мөнгөнөөс тэднийг их, дээд сургуульд оройгоор сургахад зарцуулах боломж бий юү. Хоёрдугаарт, их, дээд сургуулиуд, МСҮТ-үүдэд квот заах боломжтой юу. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургавал санд төлбөр төлөхөөс чөлөөлнө гэдэг байдлаар ч юм уу зохицуулж болох уу?

-Аж ахуйн нэгжүүдийн төлбөрөөс орж ирсэн хөрөнгийг сургалтад зарцуулах боломж бий. Ажилгүй, ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ур чадварын сургалтыг богино хугацаанд явуулдаг. Мөн ажил олгогчтой нь гэрээ байгуулаад үйлдвэр дээрх сургалт явуулдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнийг сургасан их, дээд сургуулийг санд төлбөр төлүүлэхгүй байх зохицуулалт одоогоор алга. Журам боловсруулахдаа энэ саналыг судалж үзье.

Ташрамд дурдахад, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй байгууллага төлбөрөө 24 сар дараалан төлбөл нэг жилээр чөлөөлдөг заалт өмнө нь хэрэгждэг байсан. Тэгвэл өдгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн, гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг байнга худалдан авах зэргээр үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг төлбөрөөс чөлөөлөхөөр холбогдох заалтад тусгасан.

-Аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах орчин бүрдүүлэхээс авхуулаад өндөр зардалтай гэж бодож байж магадгүй. Энэ талаар юу гэх вэ?

Э.С: -Манай туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахад тийм ч их зардал гардаггүй. Ажилчин харааны бэрхшээлтэй бол орчныг нь танилцуулж, тэмтрэгддэг таних тэмдэг наахад л хангалттай байх жишээтэй. Төлбөр төлөхийн оронд нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нь чухал гэж үзэж байна. Манай бусад байгууллага ч мөн тэднийг дэмжээсэй, ямар нэг бэрхшээл гардаггүй гэсэн ойлголтыг өгөхийг бид хичээн ажилладаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулъя гээд хайхад олддоггүй. Тэднийг ажиллуулахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, МСҮТ, сэргээн засах төв, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, заримтай нь хамтран ажилладаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн талаарх бүртгэл мэдээлэл хангалтгүй байдаг юм шиг санагдсан. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдээллээ сайн солилцдог болчихвол манайх шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллага олон бий.

-Үйлчлүүлэгчдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам өгсөн тохиолдол цөөнгүй байх?

-Ажилтнуудаа хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж бид ялгадаггүйг дээр дурдсан. Тэд бол яг л адилхан манай ажилтнууд. Манайд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд ажилладаг талаарх нийтлэл нийгмийн сүлжээгээр олон хүнд хүрснийг зарим уншигч санаж буй байх. CU-гийн аль ч салбарт ороход “Сайн байна уу. CU-д тавтай морил” гэж мэндчилдэгийг үйлчлүүлэгч бүр мэднэ. Саяхны жишээ гэвэл нэгэн үйлчлүүлэгч дэлгүүрт ороход манай ажилтан түүнтэй мэндчилээгүйд ихэд гайхсан. Харин үйлчлүүлж байхдаа тухайн ажилтан сонсголгүйг мэдсэн юм билээ. Үйлчлүүлэгч маань манай ажилтанд урам өгч, бидэнд ч мөн талархал илэрхийлсэн зурвасыг дуудлагын төвөөр дамжуулж ирүүлсэн байсан. Ер нь үйлчлүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эергээр ханддаг. Тэдэнд урам өгөх явдал өдөр тутам байдаг.

Л.Э: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд онцлогтой байдаг. Сул талыг нь нэлээд сайн тогтоох хэрэгтэй. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс гурав, дөрвүүлээ нэг дор ажиллах сонирхолтой, нэгийг нь халахаар дагаад явчихдаг байх жишээтэй.

Э.С: -Манай CU сүлжээ дэлгүүрийн салбар дүүрэг бүрт бий. Гэртэй нь ойрхон хуваарилж, өөрийнх нь хүссэн цагт ажиллуулахад тогтвортой ажиллах нөхцөлийг нь илүү бүрдүүлдэг. Манайх гурван ээлжтэй, найман цагаар ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс долоон цагаар ажилладаг. Мөн боломжтой өдрөө сонгож ажиллах давуу талыг олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс өөрийгөө тусгаарлахгүйгээр, тухтай бүсээсээ гарч, зориглоод хөдөлмөрлөж бусдын адил нийгмийн харилцаанд орж эрхээ эдлээсэй гэж хүсэж байна. Манай байгууллагын үүд хаалга тэдэнд үргэлж нээлттэй байх болно. Байгууллагууд ч, олон нийтийн зүгээс ч тэднийг эергээр хүлээж авдаг болчихоод байгаа шүү дээ.

-Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20 орчим мянга байгаа гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь тэднийг ажлын байраар хангаж байгаа гэсэн үг вэ?

С.Д: -25-аас дээш ажилтантай 7200 гаруй аж ахуйн нэгжийн 3100 орчимд нь хөгжлийн бэрхшээлтэй 7000 орчим хүн ажиллаж буй судалгаа бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, 25-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжүүдээс өөр газар бас ажиллаж байж болно.

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 гаруй хувь нь ажил эрхэлж байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад боломжийн үзүүлэлт мөн үү?

-Манай улстай эдийн засгийн хөгжлийн хувьд ойролцоо улс орнуудынхтай дөхүү үзүүлэлт. Эдийн засаг нь хөгжсөн орнуудад энэ хувь өндөр байдаг. Түрүүнд дэд бүтэц гэж ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахын тулд дэд бүтцэд анхаарах нь чухал. Буурай хөгжилтэй орнууд дэд бүтцийнхээ асуудлыг шийдэж чаддаггүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүн ганцаараа ажлын байр луугаа очих бололцоо нь хязгаарлагддаг.

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгаа хэр байдаг вэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулъя гэхээр бүртгэл, судалгаа төдийлөн байдаггүй гэж сая ярилаа шүү дээ. Үүнийг сайжруулах талаар ямар ажил хийж байгаа бол?

-Өмнө дурдсанчлан ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гээд агентлаг бий. Байгуулагдаад гурав орчим жил болох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлийн асуудал нь ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газарт харьяалагддаг. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлын тухайд Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тоо бүртгэл, мэдээлэл хангалтгүй байгаа. Ялангуяа ямар хөгжлийн бэрхшээлтэй, ямар ажил хөдөлмөр эрхлэх гэж буй хүнд, ямар зориулалтаар хөрөнгө хуваарилахыг тооцох гэхээр тоон мэдээлэл хангалттай биш. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ялангуяа тэдний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийн сан байгуулах үүрэг, чиглэлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өгсөн. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” статистикийн тоон мэдээлэл цуглуулах арга, аргачлалыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр манайд ямар ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ. Тэдгээрийн үр дүн хэр байгаа бол. Уг хөтөлбөрт хэдэн хүн хамрагдаж буй бол?

-Өнгөрсөн онд давтагдсан тоогоор 3000 гаруй хүн хамрагдаж, хөтөлбөрт 3.3 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Тэдгээрээс ажлын байртай болсон, эсвэл ажлын байраа хадгалсан хүний тоо 1100 орчимд хүрсэн. Тэдний олонх нь 50 хувийг нь эргүүлэн төлөх нөхцөлтэй, таван сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг авсан. Тодруулбал, 700 орчим төсөл боловсруулж оролцон, дэмжлэг авсан. Зарим төсөлд нь хоёр, заримд нь гурван ч хүн ажиллах бололцоотой байсан. Ингээд үзэхээр 800 орчим хүн санхүүгийн дэмжлэг авсан дүн бий. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн ажилд зуучлаад орхих бус, дадлагажуулж, дэмжлэг үзүүлэн, ажлын байрны тохируулга хийх талаар ч хөтөлбөртөө тусгахаар төлөвлөж байгаа. Зарим хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд ажлын байрны тохируулга хийх зардал гайгүй гардаг. Харин заримд нь, ялангуяа тэргэнцэртэй хүмүүст тусгай замаас эхлүүлээд зардал өндөр гардаг. Уг зардлыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд сангаас гаргах талаар хөтөлбөрт тусгасан. Үүнд зарцуулах хөрөнгийг аль болох нэмэгдүүлээд явах нь зүйтэй гэж үзсэн.

Хуваалцах:
Tweet 20