ХБИ-ийн эрхийг хамгаалцгаая

“Хүүхдийн хөгжилд аль болох эрт анхаарснаар сурах боломж нь илүү нэмэгддэг”

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах талаар тусгасан байдаг. Мөн НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод ч иргэдийн сурч боловсрох эрхийг заавал хангах талаар тусгасан билээ. Тэгвэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хэрхэн хангаж байна вэ. Эрхийг хангахад ямар асуудал, бэрхшээлүүд тулгарч байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээр “Редакцын уулзалт” зохион байгууллаа. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Нямтулга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжлийн бэрхшээлийн судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Сансармаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ нар оролцлоо.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хэрхэн хангадаг вэ. Тэдний хэдэн хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа бол?

Ч.Г: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад боловсрол чухал үүрэгтэй. Манай улсад 18 хүртэлх насны, хөгжлийн бэрхшээлтэй 11 000 орчим хүүхэд байна. Энэ хичээлийн жилд тэднээс 9800 гаруй нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцана гэсэн албан ёсны тоог Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд суурилан гаргасан. Өнгөрсөн хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 65 хувийг сургууль, цэцэрлэгт хамруулсан. Үүнээс 29 хувь нь тусгай сургуульд, 34 хувь нь тусгай цэцэрлэгт хамрагдсан. Бусад нь ердийн цэцэрлэг, сургуульд суралцсан байна. Хүүхдийг боловсролын үйлчилгээнд аль болох эрт хамруулснаар сурч, хөгжих боломж нь нэмэгддэг. Тиймээс хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах бодлогыг БШУЯ-наас баримталдаг. Нэг хэсэг хөгжлийн бэрхшээлтэй л бол заавал тусгай сургууль, цэцэрлэгт хамруулах ёстой гэсэн нийтлэг хандлагатай байлаа. Харин одоо бол тэгш хамран сургах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах суурь бодлого болсон. “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг дунд, урт хугацааны баримт бичигт боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх гэсэн суурь зарчмыг тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дүрэм, журмыг манай яамнаас нэлээд өргөн хүрээнд гаргасан. Мөн сургалтын орчин бүрдүүлэх, багш бэлтгэх зэрэг асуудлыг шийдэхэд ч ахиц дэвшил гарч байгаа.

Х.С: -Бид өмнө нь хөгжлийн бэрхшээлийг хувь хүний асуудал талаас нь хардаг байсан. Өөрөөр хэлбэл, бэрхшээл нь хувь хүнд байна гэж үзээд тухайн иргэнийг бусдад тохируулах гэж оролддог байв. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж хэрэгтэй гэдэг байр сууриас ханддаг байлаа. Тэгвэл өдгөө бэрхшээл нь хувь хүнд бус, нийгэм, орчинд байна гэдгийг ойлгодог боллоо. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бус, нийгэм, орчин, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахын тулд анги хамт олон, найз нөхдийнх нь харилцаа, хандлага, багшийн арга барил, сургуулийн орчин, дэд бүтэц, орчны хүртээмж зэрэгт анхаардаг болсон. Асуудал нь хувь хүнд бус, нийгэмд байна гэж үзээд 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульдаа манай улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бид махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг ойлгоно” гэж тусгасан. Үүний дагуу бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд нь түшиглэн нийгэмшүүлэх бодлого баримталж байгаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар бүх хүнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах дүрэм, журмуудыг гаргасан. Гэхдээ тэдгээрийг дорвитой хэрэгжүүлэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооныхон, иргэд “Бодлогын баримт бичиг гаргасан нь дэвшил. Гэсэн ч сургуулийн орчинд саад бэрхшээл тулгарсаар байна” гэж хэлдэг. Сургуулийн орчин хүртээмжгүй, тэнд ажиллах шаардлагатай хүний нөөц дутмаг, анги хамт олны хандлага сөрөг, эцэг, эхчүүдийн мэдээлэл дутмаг зэрэг асуудал бий. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй. Манай байгууллагын тухайд энэ жил дэд бүтцийн хүртээмж, олон нийтийн ойлголт, хандлагыг сайжруулахад голлон анхаарч байна. Үүний хүрээнд сургуулиудын удирдлагын ойлголт, хандлагыг өөрчлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Мөн эцэг, эхчүүдийг мэдээллээр хангахад анхаарч буй. Аав, ээжүүд хүүхдийнхээ боловсролд төдийлөн анхаарахгүй байснаа 5-6 нас хүрэнгүүт нь гэнэт л сургуульд оруулахыг хүсдэг. Гэтэл хүүхдийн хөгжил сургуульд суралцах түвшинд хүрээгүй байх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, биологийн нас нь зургаа боловч танин мэдэхүй, хөгжлийн түвшин нь 1-2 настнуудтай адил байх тохиолдол бий. Тиймээс эцэг, эхчүүдийг мэдээллээр хангаж, хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах нь чухал гэдгийг ойлгуулах шаардлагатай.

Ц.Н: -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг 2014 онд байгуулсан. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн өвчтэй гэж харж, халамжийн үйлчилгээнд хамруулахыг л чухалчилдаг байлаа. Тэгвэл 2014 онд манай комиссыг байгуулснаар 0-16 настай хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах боломж бүрдсэн. Ингэснээрээ хүүхэд нийгмийн харилцаанд оролцох суурь эрхийг хангасан юм. Бас боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрхэн авч байгааг нь тодруулдаг болсон. Зөвхөн халамжийн мөнгө өгөөд орхих бус, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцуулахад анхаардаг болсон гэсэн үг. Манай комисс 21 аймаг, есөн дүүрэгт салбартай. Тэдгээр салбараараа дамжуулан хүүхдүүдийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд тогтмол холбон зуучилдаг. Тухайлбал, 2020 онд 0-16 насны 8011 хүүхдэд тулгарсан асуудлыг комиссын хурлаар хэлэлцэн, шийдвэрлэсэн. Тэдний 7002 нь хөгжлийн бэрхшээлтэй байв. Хүүхдүүдийн 6941-ийг нь байнгын асаргааны тэтгэмжид, 2542-ыг нь эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилсан. Мөн 1910 хүүхдийг боловсролын үйлчилгээнд холбон зуучилж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцах нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэрээсээ гараад, сургуульдаа хүрэхэд орчны хүртээмж, нийтийн тээврээр зорчих зэрэг асуудал тулгардаг. Тэдгээрийг даван туулаад сургуульдаа очлоо гэхэд багшийн арга барил, арга зүй дутмаг, бүрэн дүүрэн мэдлэг, мэдээлэл авч чадахгүй байх зэрэг бэрхшээл ч учирч байна. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн төлөө нийгмийн хамгаалал, боловсролын салбарын байгууллагууд олон ажил хэрэгжүүлж буй. Жишээ нь, ХНХЯ-наас 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар баталсан. Үүгээр дамжуулан хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэлт, боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах ажлуудыг хэрэгжүүлж байгаа.

С.С: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, нийгэмшихэд тулгарч байгаа асуудлуудыг ерөнхийд нь дөрөв ангилж болно. Нэгдүгээрт, хууль, эрх зүй, бодлогын асуудал. Манай улсад бодлого, хууль, эрх зүйн орчин харьцангуй сайжирсан. Ялангуяа боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах буюу хүүхдийг үеийнх нь найз нөхөдтэй хамт, хамран сургах тойргийнхоо сургууль, цэцэрлэгт суралцуулахыг бодлогын баримт бичгүүддээ тусгасан. Олон улсын байгууллагууд болон БШУЯ, ХНХЯ, ЭМЯ-ны хамтын ажиллагааны үр дүнд уг дэвшил бий болсон. Хоёр дахь нь орчны буюу дэд бүтцийн асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдаас ялгаатай хэрэгцээтэй. Үүнийг зарим тохиолдолд тусгай хэрэгцээ гэх мэтээр ярьдаг. Бидний хувьд үүнийг боловсролын ялгаатай хэрэгцээ гэж Боловсролын тухай багц хуульд оруулах санал гаргасан. Уг хуулийг шинэчлэн боловсруулж, өдгөө олон нийтээр хэлэлцүүлж байгаа. “Иргэн нийгмийн харилцаанд оролцох, бусадтай найзалж нөхөрлөх боломжийг орчин нь хязгаарлаж байвал тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй биш. Харин тэр хүнийг орчин нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байна” гэж НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод заасан. Манай улс ч 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульдаа ингэж тусгасан. Тиймээс Боловсролын тухай багц хуульдаа ч ийм байдлаар томьёолох шаардлагатай. Гурав дахь асуудал нь хандлага. Манай улсад нийт олонхын хандлага сөрөг байна. Тэр дундаа халамжийн, эрүүл мэндийн хандлага гэж нарийвчлан хэлж болно. Халамжийн гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг юу ч чадахгүй гэж харж, дандаа тусалж, мөнгө өгөх ёстой гэж ойлгохыг хэлнэ. Эрүүл мэндийн хандлага гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өвчтэй ойлгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөлтэй, юу ч хийж чадахгүй гэж харах ёсгүй. Харин ялгаатай хэрэгцээг нь хангасны дараа “Чи нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой” гэж тухайн хүнээс шаардах нь зүйтэй. Дөрөвдүгээрт, институцийн асуудал орно. Энэ нь тухайн сургууль, цэцэрлэг, байгууллага тэгш хамруулах бодлогыг төлөвшүүлэх тухай асуудал. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй биш. Бүх хүнийг адил түвшинд авч үзэн, ялгаатай хэрэгцээг нь хүндэтгэж, боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах ёстой.

Хүүхдийн сурч, хөгжих эрхийг хангах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэрнээ хүндээ хүрч чаддаггүй нь дэмжлэгийн арга хэмжээ дутагдалтай байгаатай холбоотой. Уг нь сургууль, цэцэрлэгт дэмжлэгийн баг байгуулах журам бий. Гэтэл сургуулиуд үүнийг байгуулахгүй байна. Багш ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах боломжгүй. Харин дэмжлэгийн баг байгуулснаар эмч, нийгмийн ажилтан, багш, эцэг, эх хамтран ажиллана. Ийм сайн зохицуулалтыг манай улс уг нь бий болгосон. Гэхдээ хэрэгжилт хангалтгүй. Мөн эрт илрүүлэлт, эрт оролцоо, эрт дэмжлэг чухал. Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг багад нь илрүүлж, арга хэмжээ авах ёстой. Хоцрогдол гэдэг бол хөгжлийн бэрхшээл биш. Хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж, хариу арга хэмжээ авч чадсанаар хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломжтой. Энэ талаар эцэг, эхчүүдэд зааж, зөвлөх ёстой. Аав, ээжүүд үүнийг төдийлөн мэддэггүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ цэцэрлэгт хамруулалгүйгээр 6-7, зарим тохиолдолд 10 нас хүрэхээр нь л сургуульд оруулахаар шийддэг. Гэтэл хүүхдийн сурах нас нь оройтчихсон байдаг.

-Эрт илрүүлэлт, дэмжлэгийн арга хэмжээг хэдэн настайд нь хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Ийм арга хэмжээнд хамруулах нь ямар давуу тал, ач холбогдолтой бол?

Х.С: -Хүүхэд сурч боловсрох, танин мэдэх боломжийнхоо 90 хувийг зургаа хүртэлх настайдаа олж авдаг. Тиймээс зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжилд онцгой анхаарах шаардлагатай. Хэрэв энэ үед нь анхаарч чадахгүй бол ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусадтайгаа нэг түвшинд сурч чадахгүй. Олон улсад боловсролын хөрөнгө оруулалтыг эрт үед нь хийвэл хожим гарах эдийн засгийн зардлыг хэмнэнэ гэж үздэг. Тодруулбал, хүүхдийг сургуулийн өмнөх насанд нь хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, гэр бүл, эцэг, эхийг нь мэдээллээр хангаж чадвал хожим учрах эдийн засгийн эрсдэлийг бууруулж чаддаг. Тиймээс ХНХЯ-наас “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. ХНХЯ, Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл, Дундговь, Булган, Дархан-Уул, Ховд, Дорнод аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барихаар болсон. Тэдгээр төвд ажиллах орон нутгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан. Бэлтгэсэн багш, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрт нь очиж, сургалт явуулна. “Портеж” бол хөгжлийн хоцрогдлыг эрт үед нь илрүүлж, хоёрдогч хүндрэл буюу хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн багш нар тухайн хүүхдийг үнэлж, дадал, хэвшил, үйлдлээр нь дамжуулан хөгжүүлнэ. Ингэснээр биологийн болон хөгжлийн насыг нь нэг түвшинд хүргэнэ. Цаашлаад хүүхэд сурч боловсрох эрхээ эдлэх боломж бүрдүүлэх юм.

Ц.Н: -Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн гол зорилтуудын нэг нь дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх юм. Хүүхэд сургууль, цэцэрлэгтээ очиж, хичээлээ үзчихээд уг төвд ирж, хэл, хөдөлмөр засал зэрэг нэмэлт үйлчилгээ авч, “Портеж” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тус төвд хэл, хөдөлгөөн, хөдөлмөр засалч зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжих мэргэжилтнүүд ажиллана. Ажиллах хүмүүсийг тухайн орон нутгаас нь сонгож, мэргэшүүлэн сургахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэх ажил өдгөө үргэлжилж буй. Үүний хүрээнд гадаадын зөвлөх багш нар сургалт явуулж байна.

Үүнээс гадна өрхийн эмч нар хүүхдийг 18, 36 сартайд нь бүтэн биеийн үзлэгт хамруулах ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжил хэвийн, эсэхийг тодорхойлно гэсэн үг. Хэрэв ямар нэгэн бэрхшээл илэрвэл лавлагаа шатлалын эмнэлэгт нарийн мэргэжлийн үзлэг хамруулах шаардлагатай. Ингэснээр оношийг баталгаажуулж, улмаар хүүхдийн эцэг, эх манай салбарт комисст хандан, Эх, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүний үр дүнд хүүхдийн сурч боловсрох эрх нээгдэх юм. Энэ нь манай улсад 2016 оноос нэвтрүүлж эхэлсэн, харьцангуй шинэ тогтолцоо.

С.С: -Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангасны үр дүн нь хөдөлмөр эрхлэлт. Хэрэв сурч боловсрох эрхийг нь хангаж чадахгүй бол ирээдүйн, дараа дараагийн бүх боломж хязгаарлагддаг.

Х.С: -Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахын тулд ажлын байрны дадлагажуулагч ажиллуулах, ажлын байрны тохируулга хийх зэргээр багагүй хөрөнгө оруулалт шаардагддаг. Харин багад нь боловсрол эзэмшүүлэхэд хөрөнгө оруулж, сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлбэл ирээдүйн эдийн засгийн энэ мэт зардлыг бууруулах боломжтой.

-Аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах ажил өдгөө ямар шатанд явна вэ?

-Одоогоор барилга байгууламжаа барьж байна. Хөвсгөл аймагт гэхэд барилгын ажил нь нэлээд ахицтай үргэлжилж буй юм билээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 65 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Тэгвэл үлдсэн хувь нь сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарахгүй байна уу. Эсвэл хамран сургах тойргийнх нь сургууль, цэцэрлэг хүүхдүүдийг хүлээж авахаас татгалздаг уу?

Ч.Г: -Хөдөөгийн алслагдсан бүс нутагт амьдардаг хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд төдийлөн хамрагдаж чаддаггүй. Нөгөө талаас эцэг, эхчүүдийн хандлага ч нөлөөлдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургуульд оруулахгүй, 10-12 нас хүртэл нь цэцэрлэгт хамруулъя гэдэг хүн ч бий. Бас байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийг зарим сургууль хүлээн авахад бэлэн биш. Хэдий тийм боловч иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, хүүхдээ тусгай бус, ердийн сургуульд сургах сонирхол нь нэмэгдсэн. Сургуулиуд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч, сургахад анхаардаг болсон. Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгад танхимын, танхимын бус сургалтын талаар тусгасан. Танхимын бус сургалтыг хуульдаа тусгаснаар боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд явуулын багшийн үйлчилгээ авах, цахимаар суралцах боломж бүрдэнэ. Магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өдөр бүр сургуульдаа очиж чадахгүй тохиолдолд цахим сургалтад хамрагдаж болно. Бусад үед нь ангидаа ирж, найзуудтайгаа тоглож, нийгмийн харилцаанд орох боломжтой юм.

Ц.Н: -Алслагдсан орон нутагт амьдардаг, бас хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг насан туршийн боловсролын үйлчилгээнд хамруулдаг байх аа?

Ч.Г: -Явуулын багш нар цөөн тооны хүүхдэд хичээл заадаг.

Х.С: -Манай байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооныхонтой хамтраад аав, ээжүүдэд зориулсан сургалт зохион байгуулж буй юм. Сургалтын үеэр харааны бэрхшээлтэй нэг залуу “Би бага байхдаа хүүхдүүд хөлбөмбөг тоглохыг сонсоод бөмбөг өшиглөж үзэх сэн гэж мөрөөддөг байсан” гэж ярьсан. Ээж нь “Тогловол бэртэнэ” гээд суулгачихдаг байж л дээ. Тэрбээр 16 нас хүрээд массажистын, компьютерын сургалтад хамрагдаж, нийгмийн харилцаанд оролцдог болсон юм билээ. Гэхдээ нийгмийн харилцаанд оролцдог болох хүртлээ олон саад бэрхшээл туулснаа хэлсэн. “Орон зайн баримжаатай болох, хөл, гараа хэрхэн хөдөлгөх зэрэг чадварыг би багадаа эзэмшсэн бол мэргэжлийн чиг баримжаа олж авах, сургуульд сурахдаа зүдрэхгүй байсан. Багад минь намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж харалгүйгээр хөгжүүлсэн бол өнөөдөр би нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болчих байсан” тэр залуу ярьсан. Тэгэхээр эцэг, эхийн ойлголт, хандлага, мэдлэг чухал байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрджээ. Үүнийг хангалттай түвшинд хэрэгжүүлэхийн тулд нэн даруй хийх шаардлагатай ажил юу вэ?

Ч.Г: -Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Уг тогтоол нэлээд өргөн хүрээг хамарсан. Түүнчлэн Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэгш хамруулах талаар нэлээд сайн тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй, ялгаатай хэл, соёлтой, алслагдсан бүс нутагт амьдардгаас үл хамааран боловсролын үйлчилгээг бүх хүнд хүргэхийг л тэгш хамруулах гэж үздэг. Үүнийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгарч байна. Хамгийн том асуудал нь эцэг, эхчүүд, нийгмийн хандлага. Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгмийн харилцаанд яаж оруулах, боловсролд хэрхэн хамруулах, бэлтгэхээ мэддэг байх ёстой. Мөн сургууль, цэцэрлэгт дэмжлэгийн баг ажиллуулах шаардлага бий. Уг багт тухайн орон нутгийн буюу сумын нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөллийг оролцуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн БШУЯ-наас боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд зориулсан хөгжлийн төвийг сургуулиудад байгуулахаар ажиллаж байна. Энэ онд багтаан аймаг бүрт нэг загвар төв байгуулна. Уг төвд багш, эцэг, эхчүүд хамтран туршлага солилцоно. Мөн олон нийтийн, төрийн бус байгууллагууд ч ажиллаж, боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм. Бүх сургуулийн орчны хүртээмжийг нэгэн зэрэг сайжруулж чадахгүй. Тиймээс үе шаттай арга хэмжээ авч байгаа.

С.С: -Манай байгууллага ямар ч хүүхдийг бусдаас тусгаарлахын эсрэг байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоог байгуулаад 20 жил боллоо. Бидний хүүхдүүд одоо 20, 30 настай болсон. Хүүхдийг нийгмээс тусгаарласны уршгийг бид одоо л амсаж байна. Хүүхэд бага байхад биш, насанд хүрсэн хойно л жинхэнэ бэрхшээл үүсдэг. 2014 онд тусгай сургуулийн төгсөлтийн баяр болох үеэр нэгэн ээж “Өнөөдөр миний хүүгийн төгсөлтийн баяр болж байна. Хүмүүс баярлаж л байгаа байх. Миний хувьд өнөөдөр гашуудлын өдөр. Хүү минь гэр гэдэг шоронд насаараа хоригдох ял авлаа” хэмээсэн удаатай. Одоо тэр хүүхэд гэртээ л байна. Тусгаарласны гай энэ. Тусгай сургуульд хүүхдэд мэдлэг олгож болно. Би үүнийг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ хүүхдийг нийгмээс тусад нь байлгаж болохгүй. Үүний эсрэг ойлголт нь тэгш хамруулах юм. Тэгш хамруулна гэдэг чинь зарчим, соёл. Харамсалтай нь, манайхан үүнийг ойлгохгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд ч сайн ойлгоогүй. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө сайд тусгай сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Үүний хүрээнд Өвөрхангай аймагт очоод эцэг, эх, багш нарын асуултад хариулахдаа “Тэгш хамруулна гэдэг нь их гэнэн ойлголт байжээ” гэж хэлсэн. Энэ бол хүүхдийг нийгэмд, хамт олны дунд хөгжүүлэх нь их гэнэн ойлголт гэсэнтэй адил. Гэхдээ арай ч тэгш хамруулах бодлогоо өөрчлөхгүй байх.

Тэгш хамруулна гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал биш. Хүн бүр өөр, ялгаатай. Гэсэн ч бүгдээрээ хамтдаа л амьдаръя, хөгжье гэдэг үзэл баримтлал, зарчим дэлхий нийтэд аль хэдийн бий болсон. Энэ бол Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын суурь зарчим. Уг суурь зарчмыг хуульдаа арайхийн тусгатал сайд нь “Тэгш хамруулна гэдэг чинь их гэнэн ойлголт юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусад нь асарч сувилах нь зүйтэй” гэж хэллээ. Бас тэгш хамруулах гэдгийг зарим эцэг, эх ч буруу ойлгодог. Тиймээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургууль, цэцэрлэгийн цогцолборыг аймаг, дүүрэг бүрт барих шаардлагатай гэдэг. Энэ бол хүүхдийг нийгмээс тусгаарлаж байгаа хэрэг. Мэдээж байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд бий. Тэдний сурч боловсрох эрхийг олон улсад хэрхэн хангадаг юм бэ гэж бид судалсан. Босож чаддаггүй, хэвтрийн хүүхэд ч сурч боловсорч, сургуульдаа очиж, найз нөхөдтэй болох боломжийг бүрдүүлж чадаж байна. Дөрвөн мөч нь саажсан, үг хэлж чадахгүй хүнийг ч сургадаг. Олон улсад ийм туршлагууд байхад манайх суралцах хэрэгтэй. Тухайн хүний чаддаг зүйлийг нь илүү хөгжүүлбэл нийгэмдээ хувь нэмрээ оруулж болдог.

Ч.Г: -Сайд тэгш хамран сургахыг маш сайн ойлгож байгаа. Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулга ч хүн бүрийг боловсролд тэгш хамруулах гэсэн суурь зарчимтай. Хуулийн төсөлд “Тэгш хамран сургах” гэсэн бүлэг бий. Үүнээс гадна бусад бүх бүлэгт тэгш хамруулах үзэл баримтлалыг шингээсэн.

С.С: -Нэг жишээ хэлье. Сонсголгүй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр сургуулийг байгуулаад 50 гаруй жил болсон. Тус сургууль 50 жилийнхээ ойг тэмдэглэхдээ дуугардаг хонхоо гэрлэн болгож шинэчилсэн. Энэ бол гамшиг. Сонсохгүй хүүхдүүдэд дуугардаг хонх хэрэгтэй юү. 50 жил болсны дараа уг хонхоо арайхийн сольсон. Үнэхээр хүний төлөө сэтгэл гаргадаг юм бол гэрэл асдаг хонхыг өрөө бүрт яагаад суурилуулаагүй вэ. Үүнд их хэмжээний төсөв шаардагдах уу. Хандлага, сэтгэл дутагдаж байгаа нь энэ. Тэгэхээр тусгай сургуульд найдах боломж үнэхээр байхгүй. Харин улсын хэмжээний 800 гаруй сургуульдаа боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдээ сургаж дадах нь хамгийн чухал. Үүнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгш хамруулах, хамтдаа сурах бодлогыг дараа хэрэгжүүлье гэж хойш тавьж болдоггүй. Яг одоо л хэрэгжүүлэх ёстой. Зарим хүн нөхцөл, боломж нь бүрдэхээр эхлүүлье гэдэг. Мэдээж хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарна, алдаа дутагдал ч гарна. Гэхдээ бэрхшээл тулгарлаа гээд орхих бус, хэрэгжүүлэх явцдаа алдаанаасаа суралцаж, асуудлуудаа шийдэх ёстой.

-Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамран сургах бодлогоо хэрхэн хэрэгжүүлдэг вэ. Манай улсад нэвтрүүлж болохоор сайн туршлагууд байна уу?

-Боловсролын байгууллага хүүхдүүдийг сургах үндсэн зорилготой. Багш хүүхдэд хичээл заана, сургана, хөгжүүлнэ. Бас бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэж байна. Жишээ нь, сургуулийн ариутгалыг өөр байгууллага хийдэг шүү дээ. Үүнтэй адил хөдөлгөөн засалч, хэл засалч, магадгүй асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулж эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, сувилагч ажиллуулж болно. Эдгээрийг л дэмжих үйлчилгээ гэж хэлээд байгаа юм. АНУ Тусгай хэрэгцээт боловсролын хуульдаа 17 төрлийн дэмжих үйлчилгээний жагсаалтыг оруулжээ. Жишээ нь, засал эмчилгээ, дохионы хэлмэрч, сэтгэлзүйч ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээг сургууль бусад байгууллагаас авч болно гээд хуульчилсан. Тэгэхээр манай улс Боловсролын тухай багц хуульдаа үүнийг л оруулах хэрэгтэй. Сургууль боловсролынхоо үйлчилгээг үзүүлнэ. Үүний зэрэгцээ шаардлагатай тохиолдолд дэмжих үйлчилгээг бусад байгууллагаас захиалан авна гэсэн үг. Энэ үйлчилгээний хөрөнгийг төсөвт тусгаач ээ гэж хүсмээр байна. Дэмжих үйлчилгээг зөвхөн БШУЯ нуруундаа үүрэхгүй. Ийм боломж ч байхгүй. Салбар дундын хамтын ажиллагааны үр дүнд л нэвтрүүлнэ.

-Сургуулиудад дэмжих үйлчилгээ хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө төсөв шаардагдана. Үүнийг шийдэх нөөц боломжийн талаар та бүхэн байр сууриа илэрхийлэхгүй юү.

Х.С: -БШУЯ-ны мэдээллээс харахад 2018 онд ДНБ-ий таван хувь, улсын төсвийн 15.3 хувийг боловсролын салбарт зарцуулсан. Боловсролын салбарт зарцуулдаг хөрөнгийг олон улсын түвшинтэй харьцуулахад хангалттай хэмжээнд байна. Гэсэн ч хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг урсгал зардалд буюу ус, дулаан, цахилгаан, багш, ажилчдын цалин, урамшуулалд зарцуулдаг. Тэгш хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд тулгарсан саадыг арилгахад зориулсан хөрөнгө оруулалтыг хийж чаддаггүй. Гэтэл уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх, сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулах зэрэг хөрөнгө оруулалт шаардлагатай олон ажил бий. Тиймээс хөрөнгө оруулалтын тодорхой хувийг орчны хүртээмжийг сайжруулахад зарцуулна гэх мэтээр төсөвт нарийвчилж тусгах шаардлагатай гэж харж байна.

С.С: -Боловсролын салбарын төсвийн 80 орчим хувийг урсгал зардалд зарцуулдаг гэж Х.Сансармаагийн хэлсэн үнэн. 2020 оны төсөвт дүн шинжилгээ хийхэд 77 хувийг нь урсгал зардалд зарцуулжээ. Хичээлийн зардал нь 0.1 хувьд ч хүрээгүй. Багш хичээл заахад шаардлагатай төсөв нь ийм бага. Гэхдээ 2020 оны төсөвт тусгай хэрэгцээт боловсролд зарцуулахаар тусгасан хөрөнгө байсан. Дөнгөж долоон аймаг, Улаанбаатар хот тэр төсвийг авчээ. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролд зориулан төсөв авах ийм боломж байхад бусад нь ашиглаагүй. Аймгийн Боловсролын газрынхан мэддэггүй юм уу. Эсвэл цэцэрлэг, сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд зориулж төсөв авч болдгийг мэддэггүй юм байна. Тиймээс үүний талаар холбогдох байгууллага, сургууль, цэцэрлэгийнхэнд таниулах, ойлгуулах нь чухал.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хангахад хандлага хамгийн чухал гэж та бүхний ярианд олонтоо дурдагдлаа. Хандлагыг хэрхэн сайжруулах шаардлагатай бол. Ямар арга, гарцууд байна вэ?

Ч.Г: -Олон нийтийн хандлага бага багаар өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөх явц жаахан удаан байна гэдэгтэй санал нэгдэнэ. Хүүхдүүд нэгнээ маш сайн ойлгодог, хурдан найзалдаг. Харин насанд хүрсэн хүмүүсийн хандлагыг өөрчлөх амаргүй. Мэдээж зөв талаас нь залж чиглүүлбэл ойлгохгүй хүн үгүй байх.

Ц.Н: -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссоос боловсролын чиглэлээр холбон зуучлах үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү зуучлахад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авахгүй” гэдэг сургууль, цэцэрлэг байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахыг эсэргүүцдэг байгууллага байхгүй. Гэхдээ л ялгаварлан гадуурхах асуудал тулгарсаар байгаа. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай бус, ердийн сургуульд хамруулахад зарим эцэг, эх “Манай хүүхэд яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт сурах ёстой юм бэ” гэж гадуурхдаг тохиолдол бий.

Х.С: -Боловсролын эрх тэгш байдал гэдгийг өөр өөрөөр ойлгох, нэрлэх тохиолдол олон улсад байна. Манай эрдэмтдийн бүтээлд ч тусгай хэрэгцээт, ялгаатай хэрэгцээт хүүхэд зэрэг өөр өөр тодорхойлолт, нэр томьёо бий. Боловсролын хүрээлэнгийн судалгаанд “Тусгаарлагдсан хүүхдүүд” гэж дурдсан байх жишээтэй. Энэхүү ойлголтоо нэгтгэх шаардлагатай гэж олон улсад ярьж байгаа. Нэр томьёо хүний эрхэд суурилсан байх ёстой учраас өдгөө тусгай бус, боловсролын ялгаатай хэрэгцээ гэж нэрлэх нь түгээмэл болсон. Тусгай хэрэгцээ гэдэг нэр томьёог зөвхөн боловсролын салбарт л 1960-аад оноос хойш хэрэглэж ирсэн. Түүнээс биш ялгаатай хэрэгцээтэй хүн бүрийг тусгай хэрэгцээт иргэн гэж нэрлэх нь маш том ухралт. Хүн бүр тодорхой хэмжээнд ялгаатай байдаг шүү дээ. Үүнд суурилсан нэр томьёо гэж үзэж болно. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд сайн өгөх хэрэгтэй. Нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд нийтээрээ хэлэлцэх, иргэдийг мэдээллээр хангах ёстой гэж олон улсад үздэг.

С.С: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх нь чухал. Бүр багаас нь нийгэмшүүлэх нь илүү чухал. Цэцэрлэгт байхаасаа л хөгжлийн бэрхшээлтэй найзтай байсан хүүхэд насанд хүрээд бусдыг ялгаварлахгүй. Саяхан нэг ээж “Миний хүүхдийн ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ороод ирэхэд баярладаг байх ёстой” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Яагаад гэвэл тухайн ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд орж ирснээрээ багшийн заагаагүй маш олон зүйлийг бусдадаа сургадаг. Жишээ нь, бусдад туслах, хүмүүнлэг байх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх зэргийг ойлгуулдаг. Энэ утгаараа тэгш хамруулан сургаснаар хөгжлийн бэрхшээлгүй хүүхдэд хүрэх өгөөж нь илүү байдаг. Нийгмийг энхтайванч байлгах суурь нь ялгаатай хүмүүс хамтдаа оршин тогтнох. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш, хэл, соёл, шашны ялгаатай хүмүүс ч хамтдаа оршин тогтнож, хөгжих ёстой.

Хуваалцах:
Tweet 20