Хүртээмжтэй орчныг бүрдүүлж, ХБИ-ийг баялаг бүтээхэд хувь нэмрээ оруулцгаая

“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал үүрэгтэй

Олон улсад мэдээллийн хүртээмжийг хэрхэн бүрдүүлдэг вэ. Манай орон олон улсын ямар ямар туршлагыг нэвтрүүлж болох вэ. Үүний талаар тодруулахаар гадаадад амьдардаг хоёр монгол иргэнтэй холбогдож, мэдээлэл авсан юм. Японд амьдардаг харааны бэрхшээлтэй иргэн Э.Дэлгэрбаяр “Дэлхийн аль ч улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, барилга, үйлчилгээ, зам, тээвэр, мэдээллийн хүртээмжийг төгс шийдэж чадаагүй. Гэхдээ олон зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгож буй нь сайшаалтай” гэсэн юм. Тэрбээр Японы “Цүкүба” технологийн их сургуульд сурдаг. Үүнээс өмнө харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийг төгсөөд “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургуульд суралцан, англи хэлний багш, орчуулагч мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон “Бэст FM-98.5”-д найруулагчаар ажиллаж байсан гэнэ. Тэрбээр монгол бичвэрийг яриа болгож хувиргадаг программ бүтээхийн зэрэгцээ гадаадад сурах мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2016 онд Япон Улсыг зорьжээ. Тус улсад бичвэрийг яриа болгож хувиргадаг систем сайн хөгжсөн, хэлний бүтэц нь Монголынхтой төстэй санагдсан учраас Э.Дэлгэрбаяр Японыг зорьсон гэнэ. “Цүкүба” нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн их сургууль аж. Тэрбээр олон улсын хараагүйчүүдийг дэмжих төвийн дэмжлэгээр сурч буй бөгөөд Япон Улсын тэтгэмжид хамрагддаг юм байна. Тэтгэмжийн мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлдөг гэнэ.

Э.Дэлгэрбаяр оюутны хотхонд амьдардаг, сургуульдаа очиход таван минут л зарцуулдаг аж. Тэрбээр таяг тулаад хэн нэгний тусламжгүйгээр хотхон дотроо явдаг. Харин бусад газраар явахдаа GPS ашигладаг гэнэ. Сургуулийн захиргаа нь брайл үсгээр хэвлэсэн сурах бичиг өгөхийн зэрэгцээ хичээлийн бүх хэрэглэгдэхүүнийг файлаар, эсвэл электрон хэлбэрээр олгодог юм байна. Нэг ангид 8-12 хүүхэд сурдаг тул багш хүн бүртэй тулж ажиллах боломжтой. Хичээлээ хийхдээ брайл дэлгэц ашиглаж болно. Уг дэлгэцэд файл уншуулахад л брайл үсгээр гарч ирдэг гэнэ.

Монголд сурч буй харааны бэрхшээлтэй сурагч, оюутнуудад хичээлийг эх файлаар нь олгох хэрэгтэйг Э.Дэлгэрбаяр онцолсон. Учир нь түүнийг Монголдоо сурч байх үед сурах бичиг, уран зохиол болон бусад төрлийн номыг эх файлаар авахад асуудал үүсдэг байжээ. Тодруулбал, тухайн номыг зөвшөөрөлгүй хувилж олшруулах эрсдэлтэй учраас зохиогчид эх файлаар нь өгөхөөс цааргалдаг байж. Уг нь Монгол Улсын нэгдэн орсон Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай форматаар хэвлэсэн ном, бүтээлд зохиогчийн эрх хамаарахгүй гэж заасан байдаг. Тиймээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ манай улс хэрэгжүүлж, БШУЯ-наас сурах бичиг шинэчлэх бүртээ эх файлыг нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох хэрэгтэйг тэрбээр хэллээ. Аливаа зүйлийг олон дахин сонсож, эсвэл уншиж, бичиж байж сурдаг гээд хүүхэд бүр өөр өөр онцлогтой. Тиймээс сонсдог программын зэрэгцээ брайлаар унших боломжийг сурагчдад нээж өгөх ёстойг Э.Дэлгэрбаяр дурдсан.

Ном, сурах бичгээс эхлээд сонин хэвлэл, телевиз, радио, вэб сайт, иргэдийн өдөр тутам ашигладаг аппликэйшн зэргээс бүхий л мэдээллийг хүн бүр тэгш, хүртээмжтэйгээр авах эрхтэй. Тэр дундаа өдөр тутам ашигладаг тээврийн үйлчилгээний “UBCab”, “Ulaanbaatar bus” болон банкны аппликэйшнүүд харааны бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болбол иргэдийн нийгмийн оролцоо нэмэгдэхэд чухал үүрэгтэй. Номыг харахгүйгээр уншина гэдэг хараатай хүнд төсөөлшгүй. Гэхдээ л өдгөө харааны бэрхшээлтэй олон хүн номыг харахгүйгээр, техник, технологийн тусламжтайгаар уншиж, их, дээд сургуульд амжилттай сурч, хөдөлмөрлөж байна. Түүнчлэн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд Японы зарим телевиз нэвтрүүлгээ дуун тайлбартай хүргэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан гол нэвтрүүлгийг нь тайлбарлан хүргэдэг тусгай мэргэжилтэн ажилладаг. Зурагтынхаа удирдлагын нэг товчлуурыг дараад л тухайн нэвтрүүлгийг тайлбартайгаар үзэх боломжтой. Мөн зарим студи уран сайхны киногоо дуун тайлбартайгаар гаргадаг юм байна. Тодруулбал, “Тийм өнгийн хувцастай хүн ийм загварын машинд суулаа” гэх зэргээр дүрсжүүлэн тайлбарлаж өгдөг гэнэ. Нийтийн тээврийн тухайд ч автобус буудалд зогсохоороо хүрэх чиглэлээ тодорхой зарладаг учраас харааны бэрхшээлтэй иргэд гадуур ганцаараа зорчиход дөхөм байдгийг Э.Дэлгэрбаяр хэлсэн.

ХБНГУ-д суралцдаг Б.Баярдулам харааны бэрхшээлтэй. Тэрбээр СУИС-д дуулаачийн мэргэжил эзэмшсэн, соёлын тэргүүний ажилтан. ХБНГУ-д нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч, Вюрцбург хотын мэргэжил дээшлүүлэх агентлагт суралцдаг. Германд харааны бэрхшээлтэй иргэд сурахад заавал хөтөч байх шаардлагатайг тэрбээр хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл тэгш, хүртээмжтэй хүрч буй, эсэхийг хөндөж байгааг тэрбээр олзуурхан хүлээн авч сурагч байхдаа автобусны явах чиглэлийг мэдэхгүй, хүмүүсээс асуусан ч хариулдаг нь маш цөөн байсныг дурссан. Харин сүүлийн үед Монголд нийтийн тээвэр болон бусад үйлчилгээний газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж буйг сайшаасан билээ. Тухайлбал, банкны үйлчилгээ авахад дугаарыг нь дуудаж үйлчилдэг, бэлэн мөнгөний машин англи хэлээр “ярьж” байгааг онцолсон. Харин замын ихэнх гарц дуут дохиогүй байгааг өөрчлөх хэрэгтэй гэв. Германы замын бүх гарц дуут дохиотой аж. Энэ нь зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд гэлгүй хүүхэд, ахмад настанд ч аюулгүй зорчиход тустай аж. Б.Баярдулам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бидний оролцоотойгоор орчны хүртээмжийг бодитойгоор сайжруулж чадна. Мэдээллийн хүртээмжийг сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн. Тэрбээр Монголд байхдаа нөхөр, хүүхэд болон найз нөхөд, ах дүү нарынхаа тусламжтайгаар гадуур явдаг байсан тул Германд очсоныхоо дараахан ганцаараа явж чадахгүй байж. Харин сургууль нь орон зайн баримжаа олгох сургалт явуулжээ. Уг сургалтаар автобусны хаалга нээх товчлуур хаана байдаг, галт тэрэгний зам руу унахгүй, хэрхэн аюулгүй зорчих вэ гээд бүгдийг нэгбүрчлэн ойлгож, бие даан сурч, хөгжих боломж нь нээгдсэн байна.

Харааны бэрхшээлтэй хүмүүсийн талаар зөв ойлголт өгөх хичээлийг Японы ерөнхий боловсролын сургуульд заадаг байна. Сурагчдын нүдийг боогоод орчноо харахгүйгээр явах ямар байдгийг мэдрүүлэхийн зэрэгцээ хараагүй хүнд хэрхэн туслах хэрэгтэйг заадаг гэнэ. Түүнчлэн их, дээд сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт ч ийм хичээл багтаасан аж. Тиймээс хүүхдүүд багаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах сэтгэхүйтэй болж төлөвшдөг юм байна. ХБНГУ-д ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах талаар хүүхдүүдэд багаас нь заадаг байна. Тиймээс харааны бэрхшээлтэй хүн зам гарахад балчир хүүхдүүд гүйж ирээд туслах нь хэвийн зүйл аж. Ганцаараа явж байхад нь “Уучлаарай, танд тусламж хэрэгтэй юү” гэж асуудаг хүүхэд олон байдгийг Б.Баярдулам хэлсэн. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зам хөндлөн гарахад нь хүн бүр тусалдаг болчихвол дуут дохио ч бараг хэрэггүй” хэмээн Э.Дэлгэрбаяр ярьсныг энд онцлох нь зүйтэй болов уу.

Мэдээллийн хүртээмжийн чиглэлээр олон улсад вэб сайтын WCAG2.0 (Web content accessibility guidelines), телевизийн Н.702 гэх стандарт байдаг. Эдгээр стандартыг нэвтрүүлснээр телевиз, вэб сайтууд олон нийтэд зориулсан мэдээллээ олон улсын жишгийн дагуу дохионы хэлний орчуулга, хадмал бичвэртэй хүргэж, хүртээмжийг сайжруулах боломжтой. Өдгөө манай улс эдгээр стандартыг монгол хэлнээ хөрвүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас WCAG2.0 стандартын орчуулгыг албан ёсоор хянаж, заавал дагаж мөрдүүлэх чиглэлээр ажиллаж буй юм билээ.  

Зөвхөн хэвлэл мэдээлэл гэлгүй хүн бүр нэгэндээ мэдээлэл дамжуулагч гүүр билээ. Хараагүй иргэдэд хэрэгтэй мэдээллийг нь дамжуулахад бидний тус их. Мөн мэдээллийг хүртээмжтэй авахад ухаалаг утас, техник хэрэгсэл маш чухал. Б.Баярдуламын хэлсэн шиг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголт өгөх хичээл оруулах нь Монгол Улсад мэдээллийн хүртээмжийг сайжруулах чухал гарц болно. Бидний өдөр тутам ашиглаж буй тоног төхөөрөмжүүдээр дамжуулан мэдээллийн хүртээмжийг сайжруулах боломж, гарцыг бий болгох чиглэлээр манай улсад ч тодорхой ажлууд хэрэгжүүлж эхлээд буй билээ. Тухайлбал, ХНХЯ, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд монгол хэлний бичвэрийг ярианд хөрвүүлэх программ хангамжийн системийг боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ. Харааны бэрхшээлтэй иргэд уг программыг ашиглан, дэлгэцэд бичсэн мэдээллийг яриа болгон сонсох боломж бүрдэх аж. Энэхүү программыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй ашиглан, үйлчилгээнийхээ чиглэлийн дагуу хөгжүүлэн, мэдээллийн хүртээмжийг улам сайжруулах ч боломжтой юм байна. Харааны бэрхшээлтэй хүний сонсох чадвар илүү хөгжсөн байдаг учраас бичвэрийг хурдлуулаад сонсох боломжтой байдаг аж. Ингэж хурдлуулахад нэг минутад 250-300 үг унших боломжтой гэнэ. Энэ хэрээр цаг хэмнэж, богино хугацаанд их мэдээлэл авч чадах юм. Мэдээллийг хүртээмжтэй авах эрх хүн бүрт бий. Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь хөгжлийн бэрхшээлийг арилгах хамгийн чухал хүчин зүйл юм.

Хуваалцах:
Tweet 20