ХБИ иргэн ажиллуулснаар ажлын байр тогтвортой байдаг

Б.Батзул: Манай компани хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах бодлого баримталдаг

Монгол гэр, тавилга болон бүх төрлийн модон хийц үйлдвэрлэлийн “Уянгын гурван эрдэнэ” компанийн захирал Б.Батзултай ярилцсан юм. 2010 онд үйлдвэрлэлийн осолд орж, нэг гараа сарвуугаараа тайруулсан ч тэрбээр хөдөлмөрийн бүтээмжээ алдаагүй. Харин ч бүтээмжээ нэмэгдүүлж, өөрийн гэсэн компани байгуулан, ажил олгогч болсноос хойш өдгөө 10 жил өнгөрчээ. Тус компанийн үйлдвэрлэдэг ёслол хүндэтгэлийн, музей, дэлгүүр, соёлын төвийн зориулалттай гэрүүд хэдийн олны танил болж. Тухайлбал, нийслэлд байдаг АСЕМ-ын, мөн “Хүн” театрын гэрийг тус хамт олон бүтээсэн.

Улаанбаатар хотод төрж, нийслэлийн 67 дугаар дунд сургуулийг дүүргэсний дараа Б.Батзул Хүнсний технологийн коллежийг нийтийн хоолны технологич мэргэжлээр 2004 онд төгсжээ. Сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн дараа мужааны чиглэлээр ажиллаж эхэлсэн, улмаар амжилтаа ахиулсаар өөрийн компанийг үүсгэн байгуулсан түүнтэй хөөрөлдөх сонирхолтой байлаа.

-Та суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ яагаад ажиллаагүй юм бэ?

-Багадаа мэргэжлийн тухай ойлголтгүй байснаас зөв сургуулиа сонгон элсэж чадаагүй. Гал тогоо гоё л доо. Гэхдээ миний байх газар биш юм билээ.

-Мужаан болохын тулд дахин суралцсан уу?

-Ажиллах явцдаа суралцсан. 2005 онд монгол гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагад туслах ажилчнаар орсон юм. Нэг их удалгүй мужаан болсон. Тухайн оны дөрөвдүгээр сард юу ч мэдэхгүй нөхөр зүлгүүрчин л байсан бол тэр жилийнхээ арванхоёрдугаар сард цех хариуцаж ажиллах даалгавар авч байв.

-Ямар арга барилаар богино хурдан хугацаанд суралцав?

-Онцгой гойд арга барил байхгүй ээ. Аливааг зүй зохистой хэрхэн түргэн хийх вэ, яавал амжилтаа ахиулах вэ гэж бодон, ухааныг нь олсоор байгаад л өөрийн арга барилыг бий болгосон. Арга барил нь харьцангуй энгийн амар болохоор эхэндээ унь бие даан хийж байснаа сүүлдээ хаалга, тооно ч бүтээдэг болсон. Зөвхөн гэр биш, бүхий л төрлийн модон эдлэл хийдэг, хийлцдэг байсан. Одоо ч тэр л ажлаа үргэлжлүүлж байна. 2010 оноос бие даан ажилладаг болоод, дараа жил нь “Уянгын гурван эрдэнэ” компаниа байгуулсан. Компанийн маань нэр Өвөрхангай аймгийн Уянгын гэртэй ямар нэг холбоогүй. Уянга, эгшиг илэрхийлсэн тодотгол л доо. Гэргийг минь Уянга гэдэг. Компаниа байгуулах үед манайх гурван хүүхэдтэй байсан болохоор энэ бүхнийг бодолцож ийм нэр өгсөн.

-Компанийнхаа талаар танилцуулаач. Хэдэн ажилчинтай вэ?

-Манай компанийнхан жилийн дөрвөн улиралд монгол гэр үйлдвэрлэдэг. Улсдаа нэлээд танигдсан, нэр хүндтэй байгууллага болсон. Тогтмол ажилладаг 14 хүн бий. Хамгийн удаан ажилласан нь 10 жил болж байна.

-Ажилчид тань тогтвор суурьшилтай юм байна.

-Санаа, гар нийлээд хамтран ажиллах чухал л даа.

-Жилд хэдэн гэр үйлдвэрлэдэг вэ?

-Тоо хэлэх аргагүй. Захиалгаас хамаарч үйлдвэрлэх хугацаа өөр өөр болохоор тоо хэлэх боломжгүй. Ганцхан гэр хийсээр нэг жилийг барах нь ч бий. Том хэмжээтэй, сийлбэртэй гэр хийхэд хугацаа их зарцуулдаг.

-Зөвхөн захиалгаар гүйцэтгэдэг юм уу?

-Тийм ээ, захиалгын ажлуудаа гүйцэтгээд л таардаг. Ялангуяа цар тахлын энэ амаргүй цаг үед борлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэцүү. Ажиллагсдаа орлого, цалингаар нь таслахгүй байхад ихэд анхаарч байгаа тул захиалга, гэрээтэй ажлуудаа л амжуулахгүй бол болохгүй.

-Та бүхэн өөрсдийн хийцийн гоё гэрүүдээ ихэвчлэн гадаадад экспортолдог уу?

-Ер нь бол хэмжээ томтой, сийлбэртэй гоёлын гэрүүдийн дийлэнх нь Монголд байгаа. Гэхдээ арван жилийн хугацаанд 20-иод улсад 5-12 ханатай гэр экспортолсон.

-Гадаад орнууд руу гаргахад хүндрэл хэр их учирдаг вэ?

-Хүндрэл төдийлөн учирдаггүй ээ. Гэрийн мод, дээвэр, туурга, гадуур, дотуур бүрээс, цаваг гэсэн бүрэлдэхүүнтэй бүтээгдэхүүнийг авах эзэн нь тодорхой байхад хаягаар нь илгээчихнэ. Манай талаас экспортолж байгаа болохоор ямар нэг татвар байхгүй. Авч буй хүмүүс өөр өөрсдийн улсын хуулийн хүрээнд гаалийн болон бусад татварыг төлдөг. Манайхаас гарал үүсэл тодорхой байх ёстой. Ургамал, хорио цээрийн байгууллагаар ариутгал хийлгээд, бичиг баримт бүрдүүлээд л болно.

-Гэрийг ямар модоор хийдэг юм бэ?

-Голдуу нарсаар хийдэг. Сийлбэрийг хушаар урлана. Хар модоор хана хийнэ. Хэрэгтэй модоо зохих газруудад захиалгаар хатаалгадаг. Манайхаас бусад орон агаарын чийгшил өндөртэй учраас хааш нь экспортлох гэж байгаагаас хамаарч чийгшлийн хувийг тодорхой зааж, хатаалгадаг.

-Танай компанийнхан мөн төмөр каркасан гэр хийдэг гэв үү?

-Тийм ээ. Бага хэмжээтэй гэрүүдийг модоор хийдэг. Том гэрүүдийг төмрөөр хийж, модоор өнгөлдөг юм. Юм болгоныг хуучнаар нь байлгах хүсэлтэй хүмүүс байхад орчин үеийн чиг хандлагыг тусгаж, хэлбэр, хийцийг өөрчилж болно гэж үздэг нь ч бий. Бид бол хэрэгцээ, сонирхолдоо тохируулж өөрчилж болно гэж үздэг учраас захиалагчийн хүссэнээр загвар гаргадаг. Өөрсдийн санаагаа бас хэлж, зөвшилцдөг л дөө. Цаг үеэ дагаад суурин газарт удаан хугацаанд барих, арчилгаа багатай гэр бүтээхийг хичээдэг. Том гэрүүдэд жин, салхины хурд, хурд тунадаст тэсвэртэй байх чанарын тооцоолол хийдэг. Харин бага хэмжээтэй бол уламжлалт аргаараа л үйлдвэрлэдэг.

-Хамгийн том гэр хэдэн баганатай байдаг гэж ойлгох вэ?

-Баганагүйгээр, төмөр каркас угсарч барьсан гэрүүдээс АСЕМ-ын гэрийнх 22 метрийн диаметртэй. “Хүн” театрынх 30 метр, бас баганагүй. Төмрийн ажлуудаа бусад байгууллагаар хийлгэдэг. Манайхан мужаан, сийлбэрчид учраас чадахгүйгээ бусдад даатгадаг.

-Бүтээгдэхүүнийг тань орон нутагт хэрэглэхээр илүүтэй худалдаж авдаг гэсэн байх аа?

-Газар газрын л хэрэглэгчид авдаг даа. Санаж байгаагаас Цонжинболдог, Буйр нуурт бий. Өвөрхангай, Хөвсгөл зэрэг олон аймагт бий.

-Ийм том, гоёлын гэр үйлдвэрлэдэг байгууллага, хүн танай компаниас өөр бий юү?

-Бий бий. Одоохондоо манайх хамгийн том хэмжээтэйг үйлдвэрлээд байна л даа. Одоогоор 32 метрийн диаметртэй гэр хийж байна. Тэрэлжид байршуулах юм билээ.

-Сийлбэр анхаарал татаж байна. Юу сийлүүлэхээ захиалагч шийддэг үү?

-Ер нь бол тэгдэг. Гэхдээ манай сонголтоор хийлгэе гэдэг нь ч олон.

-Сийлэх зохиомжийн санааг та гаргадаг уу?

-Үгүй ээ, манайхан өөрсдөө загвар гаргадаг. Манайхан бүгд СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг уран сийлбэрч цолтой төгссөн залуучууд. Бакалавр цолтой дээд боловсролтой уран бүтээлчид ажилладаг.

-Та компанийнхаа бүх ажилд гар бие оролцдог гэсэн. Өрөөсөн гараараа ажиллах заримдаа хэцүү юү?

-Ер нь бол ажил хийх, сайн гүйцэтгэх, удирдах зэрэг нь тухайн хүний хийх, бүтээх хүслээс ихээхэн хамаардаг. Хүн хүсвэл юуг ч хийнэ. Харин хүсэхгүй бол юу ч хийхгүй. Эрүүл, эрхтэн бүтэн хүмүүс л төгс юм шиг ойлголт байдаг. Гэтэл тэр хүмүүс нь гаргүй, хөлгүй хүнээс долоон дор амьдрах нь бий. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл гэдэг нь эрхтэн бүтэн хүмүүсийн сэтгэл зүрх, тархинд байдаг юм шиг санагддаг. Архи уугаад, гудамжинд хэвтэж байгаа хүмүүсийг харахад тэгж бодогддог. Хөгжлийн бэрхшээлтэй ч амьдралаа үлгэр жишээ авч яваа маш олон хүн байдаг.

-Танай хамт олны дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг гэж сонссон.

-Манай компани ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг л ажиллуулахыг зорьдог юм. Тийм бодлого баримталдаг. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаар ажлын байр тогтвортой байдаг. Тэд ажилдаа сэтгэлээсээ, маш хариуцлагатай ханддаг.

-Тэд мужаан уу?

-Бэрхшээлийг харгалзан үзсэний үндсэн дээр тохирох ажлыг нь олгодог. Олонх нь хөл муутай хүмүүс байна. Тийм болохоор суугаагаараа ажиллаад, цалингаа адилхан аваад, ар гэрээ аваад явчихдаг хүмүүс. Манайд ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өөрийн бизнесийг эхлүүлээд, амжилттай яваа нь ч хэд хэд байгаа. Тэдэнтэйгээ холбоотой байдаг. Би дүүрэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлаар хангана гэж хэлдэг, зарлуулдаг. Гэсэн ч сүүлийн үед хүн ирэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зарим нь амьдралын идэвх сайтай байхад нэг хэсэг нь гэртээ суусаар нийгмээс өөрсдийгөө тусгаарлачихдаг л даа. Нийгэм нь ч тэднийг бүрэн хүлээж авахгүй болохоор хэцүү. Сүүлийн жилүүдэд улсаас олгодог халамж нь ихдээд, эрхтэн бүтэн хүмүүс ч ажил хийе гэхээ больж. Ажил хийж байгаа иргэдээс татвар аваад, ажил хийдэггүй хүмүүст халамж хэлбэрээр мөнгө өгөөд байхаар хүмүүс зүгээр суухыг илүүд үзнэ шүү дээ.

Хуваалцах:
Tweet 20