Шийдвэр гаргах түвшинд “шинэ” төлөөллийг багтаая

Шийдвэр гаргах түвшинд “шинэ” төлөөллийг багтаая   

Амьдралд тань чухал нөлөөтэй шийдвэрүүдийг хэн нэгэн танаас асуухгүйгээр дур мэдэн гаргаад байвал яах вэ. Ийм тохиолдолд хоорондоо ойлголцож, зөвшилцсөний дараа шийдвэр гаргах нь хамгийн оновчтой. Үүнтэй адилаар хүний хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээ хүртэх, сурч боловсрох, хөгжих, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралд тэгш оролцох, сонгох, сонгогдох гэх мэт Үндсэн хуулиар олгосон эрхийг баталгаажуулах хуулиудыг УИХ-аас батлахдаа нийгмээ ойлгож, иргэнээ сонсох учиртай. Засгийн газар ч хууль хэрэгжүүлж, шийдвэр гаргахдаа тал бүрээс нь судалж, бодит, оновчтой, эсэхийг нь урьдчилан тооцох ёстой. Тэгвэл төр, засаг энэхүү үйл ажиллагааныхаа явцад, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхтэй холбоотой шийдвэр гаргахдаа тэдний байр суурийг сонсдог уу.

Жишээ дурдъя. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард баталсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэр дэвших таван хувийн квот тогтоож өгөхийг тэдний төлөөлөл тухайн үед УИХ-аас шаардсан юм. УИХ-ын нэг гишүүн энэ талаар хөндсөн ч харамсалтай нь олонх дэмжээгүй. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах боломж хязгаарлагдсан. Тиймээс энэ удаагийн УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй нэг ч иргэн сонгогдоогүй. Уг нь тэдний төлөөлөл болох хоёр хүн нэрээ дэвшүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Өнгөрсөн хугацаанд болсон, парламентын зарим сонгуульд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрсөлдөж байсан ч сонгогдож байгаагүй юм. Хэн ч улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэгш оролцох эрхтэй. Гэвч тэд энэ эрхээ эдэлж чадахгүй байсаар өнөөдөртэй золгов.      Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэн бий. Энэ нь нийт хүн амын 3.3, сонгуулийн насны иргэдийн 4.9 хувийг эзэлдэг гэсэн үг. Гэтэл тэдний төлөөлөл УИХ-д нэг ч байхгүй гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн бүх байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулснаар тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхийг өнгөрсөн зургадугаар сард онцолсон. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн нэмж ажиллуулах чиглэлийг сайд нарт өгсөн билээ. Гэсэн ч яамд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ гэх мэт төрийн захиргааны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн ажиллаж буй талаарх тоо одоогоор алга.

Оролцооны аль ч хэлбэрийг нь хангах шаардлагатай

Улс төр, шийдвэр гаргах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоог хангах нь тэдний эрхийг баталгаажуулах тулгуур багана болдог. Тэгвэл улс төрийн  үйл ажиллагаан дахь тэдний оролцооны гурван түвшнийг нь хангаж чаддаг уу. Сонгох эрхээ эдэлж, саналаа нууцаар өгөх нь эхний түвшин билээ. Иргэн сонгуулиар дамжуулан өөрийн төлөөллөө сонгосноор “Засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулиар олгосон эрхээ иргэд эдэлдэг.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн зургадугаар сард болсон. Төрийн тэргүүний энэ удаагийн сонгуульд дэвшилттэй тал олон байсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, сонгуулийн дүнг дохионы хэлмэрчийн тусламжтайгаар мэдээлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны цахим хуудсаа хөгжүүлж, сул хараатай хүнд зориулсан хувилбар бий болгосон, дохионы хэлний сонгуулийн нэр томьёоны толь бичиг гаргасан, хэсгийн хорооны ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, үүрэг, хүртээмжийн талаар сургалт явуулсан, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зөвлөгөө, мэдээллийг бүх хэлбэрээр түгээсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дэвшилт заалтууд ч тусгасан. Тухайлбал, нэр дэвшигчид, нам, эвслийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, эсвэл дохионы хэлний орчуулгатай байхыг хуульчилсан юм. Тэгвэл нэр дэвшигчид сурталчилгааны 168 цагийн нэвтрүүлэг цацсаны 166 цаг нь дохионы хэлний тайлбартай байсныг ХХЗХ-ноос саяхан мэдээлэв.

Түүнчлэн сонгуулийн өдөр МУИС-ийн шинэ номын санг санал авах байр болгон тохижуулсан байв. Тус байр нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй буюу налуу болон цахилгаан шаттай, тусгайлан бэлтгэсэн ариун цэврийн өрөөтэй. Мөн харааны бэрхшээлтэй хүн саналаа өгөхөд зориулан брайл үсэгтэй хавтан, сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй иргэнтэй бичгээр ойлголцох боломжтой үзэг, цаас, тусгай ширээ, бүхээг бэлтгэснийг хэсгийн хорооны ахлагч нь үзүүлсэн. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний санал өгөх боломжийг хангасан нэг хэсгийн хороо. Харин Хүний эрхийн үндэсний комисс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлөөс сонгуулийн үеэр ажиглалт хийсний үр дүнд санал авах байрны хүртээмжийг сайжруулах шаардлагатайг дахин сануулсан билээ. Учир нь санал авах зарим байрыг хоёрдугаар, эсвэл B1 давхарт байрлуулсан, үүдэндээ налуу шатгүй, хаалганы довжоо нь өндөр, жижиг талбайтай учир чөлөөтэй зорчих боломжгүй зэрэг асуудал ч байв.

Иргэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох дараагийн түвшин нь намд элсэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаанд оролцох явдал. Харин УИХ-д сонгогдох, эсвэл төрийн албан тушаалд томилогдох нь гурав дахь түвшин юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан. Уг хуулийн 30.3-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүх шатны сонгуульд нэр дэвших, сонгогдох, төрийн аливаа албанд томилогдон ажиллахад нь улс төрийн нам, эвсэл, төрийн байгууллагууд дэмжих үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намдаа элсүүлэх, нэр дэвшүүлэх, төрийн аль ч шатны албанд томилон ажиллуулахыг дэмжих үүргийг намууд хүлээсэн гэсэн үг. 2020 оны УИХ-ын сонгуулиар АН болон “Шинэ” эвслээс тус бүр нэг иргэнийг нэр дэвшүүлсэн. Харин МАН-ын хувьд Ерөнхий сайдын зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Ч.Ундрахбаярыг одоогоос хоёр сар орчмын өмнө томиллоо. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдах түвшинд тэдний төлөөлөл ажиллаж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөрөө хөгжлийн бэрхшээлтэй хоёр ч иргэнийг томилж байв. УИХ-ын Тамгын газрын хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан референтээр Б.Ганбаатарыг саяхан томиллоо. Түүнчлэн аймаг, сумын ИТХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэд ажиллуулан, тодорхой ажлууд хийж байгаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих нь” үндэсний хөтөлбөрийг 2017-2022 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт саналын хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохируулан хэвлэх, тэдний төлөөллийг гадаад, дотоодын сургалтад хамруулах, саналаа өгөх боломж бүрдүүлсэн сонгуулийн байрны хувийг 2022 онд 48 хувьд хүргэх зорилгыг тусгасан байна.

Эс үйлдэхүй нь ялгаварлан гадуурхах хэлбэр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжийг бусад улсад олон хэлбэрээр хангадаг. Тухайлбал, хуульчлагдсан квот буюу нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс бүрдүүлдэг аж. Түүнчлэн зарим улс пропорционал тогтолцоогоор сонгуулиа явуулдаг. Энэ тохиолдолд иргэд зөвхөн намыг сонгоно. Өөрөөр хэлбэл, намын авсан саналын тоогоор парламентын суудлыг хуваарилдаг гэсэн үг. Ингэснээр намын квот буюу суудал авах гишүүдийн нэрийн жагсаалтын дээгүүр эмэгтэйчүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багтааж, тэднийг албан тушаалд томилох боломжийг нэмэгдүүлдэг байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх боломжийг үгүйсгэх, хязгаарлах, эс үйлдэхүй нь тэднийг ялгаварлан гадуурхаж буй хэлбэр гэж манайд хуульчилсан. Тиймээс улс төрийн эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг нь бүрдүүлсэн, дэмжсэн хууль батлахгүй буюу эс үйлдэхүй нь тэднийг ялгаварлан гадуурхсан нэг хэлбэр болох нь. Улс төрийн намын тухай хуулийг удахгүй шинэчлэхээр төлөвлөсөн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах үүднээс нэр дэвшигчдийн таван хувийг тэднээс бүрдүүлэх квот тогтоох боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чадна, чадсаар ч байна

Зорчих зам нь саадтай, хөгжих, суралцах боломж нь хязгаарлагдмал тэр л орчин өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Харин тарган, туранхай, өндөр, нам, алхаж чаддаг, чаддаггүй нь тухайн хүний ялгаатай байдал бөгөөд эдгээр иргэнд бэрхшээлтэй орчин л саад тотгор болдог. Гэхдээ ийм саадтай, саадгүй аль ч нөхцөлийг даван туулж, амжилтад хүрсэн, мөн улам дээш “өгсөж” буй хүн дэлхий дахинд олон. Тэдний нэг нь Японы парламентын гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан Хори Тошиказү. Тэрбээр харааны бэрхшээлтэй. Гишүүнээр ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж олгохоос илүүтэй хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэхэд дорвитой алхам хийсэн аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бизнес эрхэлбэл татвараас чөлөөлөх, төрийн албаны шалгалт өгөх боломж бүрдүүлэх, орчны стандартыг шинэчлэн тогтоох, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил амжуулжээ. Түүнчлэн аль нэг дүүрэг, хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүн, жишээ нь, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг бол тухайн хэсэгт нь тэр чиглэлийн үйлчилгээг бусад хүн эрхлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх санаачилгыг ч ажил хэрэг болгож чадсан байна.

АНУ-ын Хойд Каролина муж улсаас тус улсын Төлөөлөгчдийн танхим (АНУ-ын Конгрессын доод танхим)-ын гишүүнээр өнгөрсөн онд Мэдисон Кавторн сонгогдсон. Тэрбээр 25 настайдаа Бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлж, 245 мянга буюу сонгогчдын 50 гаруй хувийн санал авснаар улс төрийн шинэ үеийн түүхэн дэх хамгийн залуу гишүүн болжээ. 14 настайдаа хүнд бэртэл авсны улмаас тэргэнцэр дээр суудаг болсноос хойш хүнд цаг үеийг туулсан ч М.Кавторн эцэстээ өөрийгөө улам хүчирхэг болгож чадсан байна. Суурь боловсролыг гэрээр эзэмшсэний дараа коллежод улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцсан тэрбээр үл хөдлөх хөрөнгийн “SPQR holdings” компанийн эзэмшигч бөгөөд хүмүүст урам зориг өгдөг илтгэгч, уриалагч аж. Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдал, үр хөндөлтийн эсрэг хатуу байр суурь баримталдаг М.Кавторн өдгөө Төлөөлөгчдийн танхимын боловсрол, эдийн засаг, ажиллах хүч, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хэд хэдэн хороонд багтан ажиллаж байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж чадна, чадсаар ч байгаа жишээ олон бий. Манай улс ч энэ жишгээр шийдвэр гаргах түвшинд “шинэ” төлөөлөл багтаах шаардлагатай болжээ.

Хуваалцах:
Tweet 20