М.Мөнхшүр: “Портеж” хөтөлбөрт хамрагдсан эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ тогтмол хөгжүүлэх боломжтой
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-наас “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх болон эрт үеийн дэмжлэг оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тус яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн зөвлөх М.Мөнхшүрээс хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар тодрууллаа. “Портеж” хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлийнхнийг дэмжих томоохон хөшүүрэг болдог талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
-“Портеж” хөтөлбөр гэж юу вэ. Энэ нь хүүхдүүдийг хөгжүүлэхэд хэрхэн тусалдаг бол?
-Энэхүү хөтөлбөрийг анх 1972 онд АНУ-ын Висконсин муж улсын Портеж хотод хэрэгжүүлсэн. Тодруулбал, хотын төвөөс алслагдсан газар нутагт амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн гэрт нь очиж тусламж үзүүлэх зорилгоор анх хэрэгжүүлж, туршсан хөтөлбөр. “Портеж” хөтөлбөрийн арга барилыг тусгайлан эзэмшсэн явуулын багш айлуудад очиж, хүүхдээ гэрээр хөгжүүлэх аргыг эцэг, эхэд нь зааж сургадаг. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийг сургаж, чадавхжуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадварыг хэвийн үзүүлэлт рүү дөхүүлэх, одоогийнхоос нь ахиулахад чиглэсэн хөтөлбөр гэж ойлгож болно. Ингэхдээ хүүхдийн хөгжлийг олон талаас нь үнэлж, хөгжүүлэхэд шаардлагатай сургалтын иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг ашигладгаараа онцлогтой.
-“Портеж” хөтөлбөрийг өмнө нь хэдэн оронд хэрэгжүүлж, ямар үр дүн гарсан бол?
-Дээр дурдсанчлан АНУ-д хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Алслагдсан тосгодод амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан уг хөтөлбөрийг өнөөг хүртэл дэлхийн 90 гаруй улсад хэрэгжүүлж, төслийг нь 36 орны хэлээр орчуулсан. Улс орнууд төслийг өөрийн хэлээр орчуулж, өөрсдийн нөхцөл, соёлын онцлогт тохируулан хэрэгжүүлж болдог давуу талтай. Уг хөтөлбөр нь багш хүүхэдтэй шууд ажиллахад зориулагдаагүй. Харин хүүхдийн насны онцлог, хэрэгцээнд тохирсон аргаар хөгжүүлэх боломжийн талаар эцэг, эх, асран хамгаалагчид нь зөвлөж, заадаг. Хөтөлбөрт хамрагдсан эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг ойлгож, давуу талыг олж харан, эерэг хандлагатай, өөдрөг болдог. Мөн хүүхэдтэйгээ идэвхтэй харилцаж, хөгжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоо нэмэгддэг давуу талтай. Ийм үр дүнд хүрэхийн тулд мэдээж хөтөлбөрийг тууштай буюу зургаан сараас доошгүй хугацаагаар хэрэгжүүлэх шаардлагатай.
-ХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг зургаан аймагт байгуулахаар болсон. Ажлын явц аль шатанд байна вэ. Тэдгээр төвийнхөн “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байх аа?
-ХНХЯ-наас одоогоор Архангай, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барьж эхлээд байна. “Портеж” хөтөлбөр нь эдгээр төвийн хүүхдэд зориулсан үйлчилгээнүүдийн нэг хэсэг болно. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн хүрээнд зургаан аймгийн алслагдсан сумуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт хүрч, үйлчилгээ үзүүлэх юм. Нийслэл дэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийнхөн орон нутагт “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
-Энэхүү хөтөлбөр 0-6 насны хүүхдүүдэд зориулагдсан юм билээ. Үүнээс бусад насныхан хамрагдаж, хөгжих боломж бий юү?
-Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд л “Портеж” хөтөлбөрт хамруулах боломжтой. Хэдийгээр 0-6 насныхны хийж гүйцэтгэвэл зохих үзүүлэлтүүдийг хамруулдаг боловч тухайн хүүхдийн хөгжлийн бэрхшээлээс шалтгаалж 10 настнуудыг ч хамруулах боломжтой.
-“Портеж”-ийн хүрээнд хүүхдүүдэд зориулж 560 карт гаргажээ. Тэдгээр нь ямар ач холбогдолтой вэ?
-“Портеж” хөтөлбөр нь нялхсын хөгжил, нийгэмшихүй, хэл яриа, бие дааж хийх чадвар, танин мэдэхүй, хөдөлгөөн гэсэн зургаан бүлэгтэй. Үүний хүрээнд 560 үйлдэл, чадвар буюу хөгжлийн үзүүлэлтээр хүүхдийг үнэлэх шалгах хуудастай. Тэдгээр чадварыг хүүхдэд хэрхэн эзэмшүүлэх аргыг зөвлөсөн тооны “Даалгаврын карт”, хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргыг дэлгэрэнгүй тайлбарласан “Гарын авлага” зэрэг хэрэглэгдэхүүнээс бүрддэг. Тиймээс эцэг, эх “Портеж”-ийн багшийн тусламжтайгаар гэрийн нөхцөлд хүүхдэдээ олон талын чадвар эзэмшүүлж, өдөр тутам ганцаарчилсан сургалт явуулж хөгжүүлэх боломжтой. Ингэхдээ хүүхдийнхээ хөгжлийн үнэлгээнд тулгуурлан, ямар арга барилаар сургахаа тодорхойлдог.
-Эцэг, эхчүүд хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, хүүхдээ хөгжүүлье гэвэл хэнд, аль байгууллагад хандах вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төв, Монголын портежийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Монголын дауны холбоо, Монголын аутизмын холбоо, “Ээлтэй ертөнц” зэрэг ТББ “Портеж” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллагад хандах боломжтой. ХНХЯ, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сараас “Портеж” хөтөлбөрийн үндэсний 16 сургагч багш бэлтгэсэн. Мөн төслийг хэрэгжүүлэх зургаан аймагт тус бүр 6-8 сургагч багш бэлтгэлээ. Цаашид Архангай, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагт айлуудад очиж, эцэг, эхэд гэрээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх 180 орчим явуулын багш бэлтгэхээр төлөвлөсөн. Түүнчлэн эдгээр аймагт оршин суудаг иргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, эсвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, өрх, сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан “Портеж”-ийн багштай холбогдож, хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
-Жишээ нь, хөтөлбөрт хамрагдсан эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ хэрхэн багшилж, хөгжүүлэх вэ?
-“Портеж”-ийн сургагч багш 14 хоногт нэг удаа хүүхэд, гэр бүлтэй 60-90 минут уулзаж, зөвлөгөө өгнө. Эхлээд эцэг, эхтэй ярилцаж, хүүхдийг ажиглан, “Шалгах хуудас” ашиглан хөгжлийг нь үнэлнэ. Өмнө дурдсан зургаан бүлгийн хүрээнд хүүхдийн хөгжлийг үнэлнэ. Дараа нь хүүхдэд ямар чадваруудыг эзэмшүүлэх нэн шаардлагатай талаар эцэг, эхтэй ярилцаж, зөвлөлдөнө. Ингээд тухайн чадварыг заах аргыг зөвлөсөн “Даалгаврын карт”-ыг ашиглан хүүхдийн онцлогт нийцүүлэн ганцаарчлан хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулна. Тухайн чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн даалгаврыг эцэг, эх, хүүхэд гэртээ төвөггүйхэн хэрэгжүүлэх боломжтой. Мөн хүүхэд богино хугацаанд амжилттай сурах боломж бүрдүүлэн, хэд хэдэн жижиг алхам болгон хялбаршуулж төлөвлөнө. “Портеж”-ийн багш боловсруулсан төлөвлөгөөгөө ээж, аавд маш сайн тайлбарлаж бичиж өгнө. Ингээд дараагийн уулзалт хүртэл эцэг, эх, гэр бүлийн гишүүд түүний дагуу хүүхэдтэйгээ өдөрт тогтмол 30 минут ажиллаж, тэмдэглэл хөтлөх ёстой. Дараагийн уулзалтаар багш тухайн тэмдэглэлд тулгуурлан эцэг, эхтэй ярилцаж, төлөвлөгөөний дагуу хэрхэн ажилласныг нь үнэлэх юм. Хэрвээ хүүхэд эхний ээлжид төлөвлөсөн зорилгыг биелүүлж, зохих чадварыг эзэмшсэн байвал дараагийнхыг нь сонгож хэрэгжүүлнэ. Харин дорвитой ахиц гараагүй бол төлөвлөгөөгөө дахин сайжруулна. Энэ маягаар эцэг, эх нь багшийн зөвлөгөө, дэмжлэгээр гэртээ байхдаа л хүүхдэдээ шинэ чадваруудыг бага багаар байнга зааж сургана гэсэн үг.
-2015-2019 онд Японд хэрэгжүүлсэн “Портеж” хөтөлбөрийн монгол хувилбарыг боловсруулж, манай улсад нэвтрүүлсэн юм байна. Монгол хувилбарыг боловсруулахдаа юуг голчлон анхаарсан бол. Энэ хөтөлбөрийг Монголд нутагшуулах, хэрэгжүүлэх болсон үндэслэл, ач холбогдол нь юу байв?
-Уг хөтөлбөрийг Японы Портежийн нийгэмлэг анх 1983 онд хэрэглэж эхэлсэн. Улмаар 2005 онд шинэчлэн сайжруулсан хувилбарыг боловсруулсан. 2015-2019 онд ЖАЙКА-аас ХНХЯ, БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд энэхүү хувилбарыг Японы Портежийн нийгэмлэгийн албан ёсны зөвшөөрлөөр монгол хэлээр орчуулан, тохируулга хийсэн. Улмаар сургагч багш бэлтгэх сургалтад оролцсон мэргэжилтнүүдтэй хамтран монгол хувилбарыг засаж сайжруулсан юм. Тухайлбал, япон дуу, тоглоом, ахуйн хэрэгсэл зэргийг монгол хүүхдийн онцлогт тохируулан өөрчилж хэвлүүлсэн. Гэтэл 2020 оны зургадугаар сард Японы Портежийн нийгэмлэг сургалтын хэрэглэгдэхүүний иж бүрдлийг 15 жилийн дараа шинэчилж, орчин үеийн нөхцөлд нийцүүлэн илүү боловсронгуй болгосон. Тиймээс уг шинэчилсэн хувилбарыг ашиглах зөвшөөрлийг бид албан ёсоор авч, монгол тохируулга хийгээд байна. Тус хөтөлбөр нь 0-6 насныхны хэвийн хөгжлийн үзүүлэлтүүдээс бүрддэг, түүнийг хүүхдэдээ гэрийн нөхцөлд зааж сургах аргыг зөвлөдөг учир соёлын ялгаа төдийлөн байхгүй. Жишээ нь, савх барьж хоол идэх, япон хүүхдийн дуу, тоглоом гэх мэт цөөн зүйлийг Монголын портежийн нийгэмлэг болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран өөрчилж, тохируулга хийсэн.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд “Портеж” хөтөлбөр ямар нөлөө үзүүлэх вэ?
-Дэлхий нийтийн чиг хандлага бол хөгжлийн бэрхшээлийг аль болох эрт үед нь илрүүлж, дэмжлэг үзүүлснээр тухайн хүний амьдралын чанарыг сайжруулах юм. Эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны маш олон үйлчилгээ байдаг. Эрт гэдэг нь бага буюу зургаан наснаас өмнө гэсэн үг. Монгол Улсад энэхүү эрт үеийн хөгжлийн дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлэх ажил эхлэлийн шатандаа байна. Тогтолцоо гэдэг бол эрх зүйн орчин бүрдчихсэн, хэрэгжүүлэх арга зам нь тодорхой, энэ талын мэргэжилтэн тасралтгүй бэлтгэдэг болохыг хэлнэ. Энэ хөтөлбөр нь эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны тогтолцоо бий болох эхний алхмуудын нэг гэж бодож байна.
-“Портеж” хөтөлбөрийг зөвхөн зургаан аймагт хэрэгжүүлэх үү. Цаашид хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх боломж бий юү?
-Хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөц шаардлагатай. Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилт, мэргэжил, арга зүйн дэмжлэгээр дээрх зургаан аймаг болон Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, хөгжлийн төвийнхнийг чадавхжуулж байна. Мэдээж цаашид бусад аймаг, дүүрэгт хэрэгжүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх нь зүйтэй. Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Архангай, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймаг нь загвар жишиг болно. Яаж өргөжүүлэх, нөөцийг хэрхэн зөв хуваарилах зэрэг асуудлыг ХНХЯ-наас бодлого, төлөвлөлтдөө тусгаж, жил жилээр хэрэгжүүлэх болов уу. Мөн орон нутагт “Портеж”-ийн явуулын багш бэлтгэж, гэр бүлд суурилсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд урамшууллын тогтолцоо одоогоор байхгүй. Холбогдох хууль тогтоомжид уг асуудлыг шинээр тусгаад, шийдэх боломжтой. Учир нь өмнө нь Халамжийн тухай, Боловсролын тухай зэрэг хуулийг батлах үед гэр бүл төвтэй хөгжлийн дэмжлэг, оролцооны хөтөлбөр, үйлчилгээ байгаагүй юм билээ. “Портеж” хөтөлбөр нөгөө талаас хамт олонд суурилсан сэргээн засах хөтөлбөртэй ч уялдах ёстой. Саяхан буюу зургадугаар сарын 8-ны Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн. Энэ нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны үйлчилгээ, цаашлаад тогтолцоог бий болгоход чухал түлхэц үзүүлнэ гэж бодож байна.