Манай улсад бүх хүн тэгш хүртээмжтэй мэдээлэл авч чаддаг уу. Ялангуяа хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагуудаас шаардлагатай мэдээллээ тогтмол авч чадаж байгаа юу. Мэдээллийн хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ. Энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, “Монголын сонсголгүй иргэдийн мэдээллийг дэмжих бүтээмж төв” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Нэмэхбаяр нартай ярилцлаа.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо нь хараагүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, соёл урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага. Хараагүй иргэдийг нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлдэг тус холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл техник, технологийн эрин үед хэрхэн бүх хүнд хүртээмжтэй мэдээллийн орчин бүрдүүлэх талаар түлхүү хөндлөө.
“Ковид-19” дэлхий нийтэд тархсан цагаас манай улс цар тахлын мэдээллийг бүх хүнд тэгш хүргэх талаар нэлээд санаачилгатай ажилласан. Жишээ нь, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11.00 цагт хүргэдэг мэдээллийг дурдаж болох юм. Уг мэдээллийг өдөр бүр дохионы хэлний орчуулгатайгаар олон нийтэд хүргэсээр жил гаруйн хугацаа өнгөрөөд буй билээ. Тэгвэл мэдээллийн хүртээмжийг цаашид хэрхэн илүү сайжруулах талаар Б.Нэмэхбаяр байр сууриа илэрхийллээ.
Д.Гэрэл: Мэдээллийг бүх хүнд хүртээмжтэй хүргэх зааварчилгааг дэлхий нийтэд хэдийн гаргасан
-Мэдээллийн хүртээмж гэж юу вэ. Яагаад үүнийг чухалчлан ярих шаардлагатай вэ?
-Зарим хүн хүртээмж гэхээр төдийлөн ойлгодоггүй. Хүртээмж гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд барилгын, үйлчилгээний, тээврийн хэрэгсэл, зам, мэдээллийн гэх зэргээрээ өөр өөр юм. Тухайлбал, олон нийтэд зориулсан барилга байгууламж нь бүх хүнд хүртээмжтэй байж чаддаг уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэнд саадгүй орж чадах уу гэдэг нь орчны хүртээмжид хамаарна. Үүнтэй адил олон нийтэд хүргэж байгаа төрөл бүрийн мэдээлэл нь бүх хүнд хүрч чадаж байгаа юу гэдэг нь мэдээллийн хүртээмжийн асуудал. Мэдээлэл гаргасан л бол тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулаад бүх хүнд хүртээмжтэй байх ёстой. Хүртээмжтэй орчин нь бүх шатанд мэдээлэл авах, хүргэх бидний оролцоотой шийдвэр гаргах боломжийг олгодог.
-Мэдээллийг бүх хүнд тэгш хүртээмжтэй хүргэх боломж манай улсад хангалттай бүрдсэн үү?
-Харааны бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл авахад цөөнгүй бэрхшээл тулгардаг. Жишээ нь, би компьютер ашигладаг. Энэ нь ердийн компьютер боловч дэлгэцэн дээрх мэдээллийг уншдаг тусгай программтай. Уг программ нь дэлгэцэн дээрх бүх мэдээллийг надад уншиж өгдөг. Гэтэл хүртээмжтэй байх зааврын дагуу бүтээгээгүй платформ, цахим хуудас, аппликэйшн, контент дахь мэдээллийг уг программ таньж унших боломжгүй. Үүнээс шалтгаалан харааны бэрхшээлтэй хүмүүс зарим мэдээллийг авч чаддаггүй. Хэдийгээр дэлгэц уншдаг программ байгаа ч тухайн вэб сайтад агуулагдсан бүх зүйлийг уншиж чадахгүй бол мэдээллийн хүртээмж хязгаарлагдмал л гэсэн үг.
-Хүртээмжийг сайжруулахын тулд уг программыг илүү хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг үү?
-Мэдээллийг хараагүй иргэдэд хүртээмжтэй болгохын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Тэдгээрийн нэг нь компьютерын дэлгэцэн дээрх мэдээллийг монгол хэлээр унших боломжтой программ бүтээх юм. Үүний хүрээнд манай холбооныхон хэд хэдэн туршилт хийсэн. Одоогоор “Мон спич” ХХК-тай хамтран тодорхой хүрээнд ашиглах боломжтой программ хангамжийг бүтээлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд мэргэжлийн томоохон хэмжээний программ бүтээхээр ажиллаж буй.
-Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд бүх шатны боловсролын байгууллага цахимаар үйл ажиллагаа явуулсан. Харааны бэрхшээлтэй оюутан, сурагчид энэ хугацаанд хичээлээ хэрхэн үзсэн бэ?
-Сургуулиудын вэб сайтууд хүртээмжгүй байснаас шалтгаалан хичээлээ үзэж чадахгүй, үзсэн ч даалгавраа багшдаа илгээж чадахгүй байх зэрэг асуудал тулгарсан. Тиймээс бид сургуулиудад вэб сайтаа хөгжүүлэх албан бичиг хүргүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 104 хичээлийг цахим контент хэлбэрээр гаргасан. Үүнтэй холбоотойгоор контент хийж буй хүмүүс бидэнтэй уулзаж, “20 хичээлийг харааны бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэйгээр бэлтгэнэ. Үүнд зөвлөгөө өгнө үү” гэж манай холбооныхноос хүссэн. Ингээд бид нэг сар хамтран ажиллаж, тэдгээр хичээлийн хүртээмжийг сайжруулсан. Гэхдээ яагаад 100 хичээлээс 20 нь л хараагүй хүүхдэд хүртээмжтэй байх ёстой вэ гэдэг асуудлаар БШУЯ-нд хандсан. Хөгжлийн гадна хэнийг ч үлдээхгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх ёстой гэдэг ойлголт, хандлага энд дутагдаж байгаа юм.
-Хичээлээ судлахын тулд хүүхдүүд зайлшгүй компьютер ашиглах шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдүүдэд энэ чиглэлээр хангалттай мэдлэг өгч чадаж байгаа юу?
-Хамгийн эхний анхаарах зүйл нь туслах хэрэгсэл, технологиуд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогт зориулж хөгжүүлсэн зүйлсийг туслах хэрэгслүүд гэдэг. Тухайлбал, хараагүй хүмүүс компьютерын хулгана хэрэглэхгүй, зөвхөн гар ашигладаг. Үүнийг хэрхэн ашиглахыг хараагүй хүмүүст зааж, сургахгүй бол хэрэглэж, үйлчилгээ авч чадахгүй шүү дээ. Улмаар ашиглаж сурсны дараа ямар нэгэн цахим хуудсанд нэвтрэхэд бүх мэдээлэл нь хүртээмжтэй байх ёстой. Твиттер, фэйсбүүкт ороход энэ мэдээллийг үзэхийн тулд үүнийг дараарай гэсэн зураг гарах тохиолдол элбэг. Гэтэл тэр зураг, дүрсийг дэлгэц уншдаг программ таньдаггүй. Тиймээс вэб сайтуудыг дэлгэц уншигч зэрэг туслах программтай хоршиж, дэмжиж ажилладаг байхаар бүтээх ёстой.
-Хараагүй иргэдэд техник, технологи, ялангуяа компьютерын хичээл заадаг багш, мэргэжилтэн манай улсад хангалттай бий юү?
-Олон улсад хүртээмж технологийн мэргэжилтнийг тусгайлан бэлтгэдэг. Жишээ нь, АНУ-д хараагүй хүүхэд нэгдүгээр ангиасаа компьютер ашиглаж сурдаг. Харин манай улсад зургадугаар ангиасаа л компьютерын хичээл үзэж байна. Манай холбооны дэргэд МСҮТ ажилладаг. Уг төвд хүртээмж технологийн мэргэжилтэн бэлтгэх анги бий. Тухайн ангид суралцагчид туслах технологи, вэб сайтын хүртээмж, номыг хүртээмжтэй хэвлэх зэрэг цогц сургалтад хамрагддаг. Цаашлаад үүнийг орон нутагт ч түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлдөг төрийн бус байгууллагуудад маш их чадавх, мэдээлэл, хүний нөөц бий. Тиймээс төр, засгаас энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллавал ихээхэн боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.
-Мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юу вэ?
-Олон улсын консорциумаас “Web content accessibility guidelines (WCAG) 2.0” гэх удирдамж стандарт гаргаж, бүх вэб сайтыг үүний дагуу бүтээгээрэй гээд аль хэдийн зөвлөчихсөн. Өөрөөр хэлбэл, бүх хүнд зориулсан мэдээллийг хэнийг ч ялгалгүйгээр хүртээмжтэй хүргэх зааварчилгааг дэлхий нийтэд аль хэдийн гаргасан нь энэ. Үүнийг л хэрэгжүүлчихвэл мэдээлэл хүн бүрт хүртээмжтэй болно гэсэн үг. Мэдээллийн хүртээмжийг хуульдаа тусгаж, WCAG 2.0 стандарт мөрддөг улс олон бий. Манай орны тухайд ингэж заасан хууль тогтоомж байхгүй. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хандаж, WCAG 2.0 стандартыг нэвтрүүлж, заавал дагаж мөрддөг болгох чиглэлээр ажиллаж байгаа.
-Хүртээмжийг сайжруулж, жишиг болсон байгууллага манайд хэр олон байна вэ?
-Ер нь төрийн байгууллагуудын вэб сайтуудын хүртээмж тааруу. Харин тэдгээрээс Сангийн яамны вэб сайд нэлээд хүртээмжтэй. Төр, засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд ихээхэн анхаарч байгаа. Тиймээс тун удахгүй вэб сайтын хүртээмжээ сайжруулна гэж найдаж байна. Энэ чиглэлээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран ажиллаж, сургалт, зөвлөгөө авч, байгууллагынхаа сайт, аппликэйшн, контент зэргээ хөгжүүлэх боломжтой.
Б.Нэмэхбаяр: Олон улсын сайн туршлагуудыг тогтмол нэвтрүүлэх хэрэгтэй
-Телевизүүдийн мэдээллийн хүртээмж нэлээд сайн, цөөнгүй нь дохионы хэлний орчуулгатай болсон. Тэдний дамжуулж байгаа дүрс, мэдээлэл нь ойлгомжтой, цэгцтэй, шаардлага хангахуйц байж чаддаг уу?
-Таваас цөөнгүй телевизийн мэдээллийн булан нь дохионы хэлмэрчтэй байгаа нь сайн хэрэг. Гэвч дохионы хэлмэрчийн булан, гаргаж байгаа дүрс нь хэтэрхий жижиг болохоор сайн харж чаддаггүй. Түүнчлэн зөвхөн мэдээллийн булангаа дохионы хэлмэрчээр орчуулуулж байгаа. Бусад нэвтрүүлэг, танин мэдэхүйн мэдээлэл нь дохионы хэлмэрчгүй. Цахим хуудаснуудын тухайд зарим мэдээлэл нь хадмал орчуулгатай байдаг. Гол асуудал нь дохионы хэлмэрчийн булан стандарт бус байна. Бас зарим тохиолдолд хэлмэрчийн дүрсийг зар мэдээгээр халхалчихдаг. Дохионы хэлмэрчийн булан хулганын нүх шиг жижигхэн байх ёсгүй. Хэтэрхий жижиг байхаар үзэхэд хүндрэлтэй. Энэ нь стандартыг мэддэггүйтэй холбоотой. Эл асуудлыг тодорхой журам гаргаж шийдэх нь зүйтэй. Бас хадмал орчуулгатай мэдээлэл төдийлөн гаргадаггүй. Тэгээд ч манай улсад хадмал орчуулгын стандарт байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос журам гаргаж, стандартыг нь батлуулж, хэрэгжүүлэх ёстой. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод аливаа мэдээллийг түгээхдээ дохионы хэлмэрчтэй, хадмал бичвэртэй байлгана гэж заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх тогтолцоо манай улсад байхгүй. Ийм чиглэлийн мэргэжилтэн ч одоогоор алга.
-Мэдээллийн хүртээмжийг сайжруулж, бусад газар, аж ахуйн нэгжид жишиг болгохоор байгууллага манай улсад бий юү?
-Сонгуулийн ерөнхий хорооны сайт мэдээллийн хүртээмжийг маш сайн бүрдүүлсэн. Жишээ нь, сул хараатай хүмүүст зориулсан текст томруулах хэсэгтэй. Мөн дохионы хэлний толь бичиг, хичээлүүдийг хадмал орчуулгатай гаргаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Боловсролын мэдээллийн технологийн төвөөс “Цахим аялал” сэдэвт 104 жишиг хичээлийг боловсруулсан. Тэдгээр хичээл нь сонсголгүй хүүхдүүдэд хүртээмжтэй болсон. Хүүхдүүдэд хичээлийг яаж заах, дохионы хэлийг ямар агуулгаар хэрхэн сайн гаргадгийг уг хичээлүүдээс үзэж болно. Мөн хэлмэрчийн нүүрний хувирал, биеийн хэлэмж нь ойлгуулах гэж байгаа зүйлийн агуулгыг хэрхэн гаргадгийг эдгээр хичээл жишиг болгон харуулсан. Цаашид мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд хууль, эрх зүйн орчныг сайн бүрдүүлэх ёстой гэж боддог. Тэгснээр нийтээр дагаж мөрдөхөд дөхөм болох юм.
-Дэлхий дахинд мэдээллийн технологи өндөр түвшинд хөгжсөн. Энэ нь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа. Манай улсад техник, технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж байна вэ?
-Манайх олон улсын сайн туршлагуудыг тогтмол нэвтрүүлэх хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд Японоос мэдээллийн хүртээмжийн мэргэжилтэн манай улсад ирж, семинар зохион байгуулсан юм. Тэр үед япон мэргэжилтэн “Black box 702” гэх төхөөрөмж танилцуулсан. Уг төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх боломжтой юм билээ. Зурагтынхаа удирдлагаар эл төхөөрөмжийг тохируулахад л телевизийн бүх мэдээллийг дохионы хэлмэрчтэйгээр үзэж болдог. Мөн хадмал орчуулгатай ч үзэх боломжтой. Телевиз бүр үүнийг нэвтрүүлэх албагүй. Жишээ нь, манай төв дээр уг төхөөрөмжийг суурилууллаа гэж бодъё. Тэгвэл төхөөрөмжийг телевизүүдийн сувгуудтай холбож, дохионы хэлмэрчдийг манай байгууллагад төвлөрүүлэн ажиллуулж болно. Ингэснээр хэлмэрчид телевизүүдийн мэдээллийг хөврүүлж, сонсголын бэрхшээлтэй иргэд гэртээ хүссэн сувгаа үзэх боломж бүрдэнэ гэж япон мэргэжилтэн хэлсэн. Төр, засгаас үүнийг хэрэгжүүлж чадвал сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд мэдээллийн хүртээмж сайжрах юм. Бас нэг жишээ дурдахад, БНСУ-д очиж туршлага судалж байхдаа дүлий иргэдийн нийгэмлэгт очсон юм. Тус нийгэмлэг дотроо телевизийн гурван сувагтай, тэдгээр нь тус бүр хоёр хэлмэрчтэй. Бас нөөц хэлмэрч нарыг ч бэлтгэсэн. Уг ажлынх нь санхүүжилтийг төр, засгаас нь гаргадаг. Хууль зүйн яамнаас нь мэдээлэл, харилцаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг нь зохицуулсан гэсэн. Мөн Татварын газрынхан нь айл бүрээс авдаг хураамжийнхаа тодорхой хувийг телевизүүдэд өгч, түүгээрээ хэлмэрч нарыг цалинжуулдаг гэсэн. Ингэснээр БНСУ-д мэдээллийн хүртээмж илт сайжирсан юм билээ.
ЖАЙКА-гаас мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хоёр дахь төслөө хэрэгжүүлнэ гэж сонссон. Үүнийг хэрэгжүүлэхэд манай байгууллага хамтран ажиллах хүсэлтэй. Мэдээллийн хүртээмжийг сайжруулах ажлуудыг төр, засгаас ч дэмжиж, хуулиуддаа зориуд тусгаж, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай. Манай байгууллагаас дохионы хэлний орчуулагчийн аппликэйшн бүтээх төсөл бичсэн юм. Сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, эмнэлгийн тусламж авах, цагдаад хандах, ажилд ороход ийм аппликэйшн зайлшгүй шаардлагатай. Тиймээс дэлхий дахинд 10 жилийн өмнө үүнийг бүтээж, ашиглах болсон. Өдгөө технологийг бүр сайжруулж, хиймэл оюун ухаан ашиглан, дараагийн түвшинд шилжүүлэн хөгжүүлж байна. Гэтэл Монгол Улс үүнээс маш их хоцорч байна шүү дээ.
-Хүний нөөц, ялангуяа дохионы хэлмэрчийн хүрэлцээ манай улсад хангалттай юу?
-Энэ тал дээр байгууллагуудад анхааруулж хэлэх нэг зүйл бий. Мэдээллийг хүртээмжтэй болгоно гээд тааралдсан хэлмэрчтэйгээ хамтран ажилладаг байгууллагууд бий. Хэлмэрч ур чадвартай, эсэхийг харгалзан үзэх нь тун ховор. Дохионы хэлмэрч нэг буланд нь гарч л байвал сонсголгүй хүн бүрт хүрчихнэ гэж боддог байх. Гэхдээ тийм биш. Хэлмэрч тодорхой шалгууруудыг хангасан байх ёстой. Манай улсад одоогоор дохионы хэлмэрчдийг олноор бэлтгэж чадахгүй байгаа. Чанартай орчуулга хийдэг хүн цөөхөн бий. Тэгэхээр дохионы хэлмэрч бэлдэхээс авхуулаад, хяналт тавих, мэдээллийн хүртээмжийг сайжруулах гээд олон асуудал бидэнд байна. Хэлмэрчдийг хянадаг, ёс зүйд нь анхаардаг, хариуцдаг байгууллага байх ёстой. Монголд хэлмэрчдийг ангилж, зэрэглэл тогтоодоггүй. Олон улсад бол хэлмэрчид зэрэглэлтэй байдаг. Өндөр зэрэглэлд хүрэхийн тулд тэд өөрсдийгөө дайчилж, улмаар дээд түвшнийх нь олон улсын дипломат харилцааны орчуулга хийж байна. Манай улсад зэрэглэл, ангиллыг нь гаргачихвал түүнийх нь дагуу хэлмэрчдийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Зэрэглэл байхгүй учраас л бүх хэлмэрч адилхан юм шиг харагддаг. Эцэст нь хэлэхэд, сонсголын бэрхшээлтэй иргэд тулгамдсан асуудлаа бүгдийг сайн мэднэ. Тэгэхээр бидэнгүйгээр бидний асуудлыг битгий шийдээрэй. Асуудлыг хамтарч шийдэх шаардлагатай гэж хэлье.
-Хэлмэрчийн ур чадварыг сайжруулах чиглэлээр сургалт явуулдаг газар манайд байдаг уу?
-“Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллагаас өндөр түвшний сургалт явуулдаг. Сонсголгүй хүн хичээл зааж, багшилдаг. Ямар үед аль дохиог хэрхэн гаргах, агуулга, утгыг яаж илэрхийлэх зэргийг маш сайн заадаг. Мөн сонсголтой иргэд ч сайн дураараа, сонирхлоороо хичээл заадаг. Гэхдээ хичээлийнх нь чанар сул, үр дүн багатай.