ХБИ-ийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр шимийг хүртэж чадаж байна уу, хэрхэн сайжруулах вэ?

Д.Цогжавхлан: Урамшууллыг компанид олгох бус, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогт гадаг аж ахуйн вортой ажлын байраар хан нэгж манай улсад цөөнгүй байдаг. Тэдгээрийн нэг “Дашваанжил” компанийн хүний нөөцийн менежер Д.Цогжавхлантай ярилцлаа. Байгальд ээлтэй хийн түлшний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдолгүй цэвэр орчин бий болгох, хийн хангамжийн технологи, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилготой тус компани сүүлийн 20 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байгаа аж.

-“Дашваанжил” компани хэзээнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж эхэлсэн бэ. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн танай компанид ажиллаж байгаа вэ?

-Манайх 1992 онд анх хувиараа эрхлэх аж ахуй хэлбэрээр байгуулагдсан. Тухайн үед цөөн ажилчинтай байсан. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хангалттай ойлголттой байгаагүй. Харин хийн аж ахуйн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн үе буюу 1997 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж эхэлсэн. 25 болон түүнээс дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу манай компани “25-д нэг” гэсэн зарчим баримтлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй. Манайх 500 гаруй ажилчинтайгаас 21 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Орон нутаг дахь салбарууддаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг. Тухайлбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн үйлчилгээний жолооч, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн тооцооны нягтлан бодогч, 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай иргэн харуулаар ажилладаг. Бас тулгуур эрхтний, сонсголын, харааны бэрхшээлтэй хүмүүс ажилладаг.

-Тогтвортой ажиллуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг, урамшуулал үзүүлдэг үү?

-Тийм ээ. Жишээ нь, манай төв байран дахь Зургийн албанд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн ажиллаад хоёр орчим жил болж байна. Тэрбээр гадуур явах шаардлагагүй, компьютерынхоо ард суугаад захиалагчаас ирүүлсэн зургийг зурахад хангалттай. Уг нь түүний ажлын байрны тодорхойлолтоор бол зураг зурахаас гадна тухайн захиалагчийн оффис, эсвэл орон сууцад очиж, зургийнх нь дагуу холболт, угсралт хийж, түүндээ зохиогчийн хяналт тавих ёстой. Тухайн ажилтан ингэж ажиллах боломжгүй тул дээр дурдсанчлан зөвхөн ажлын байран дээрээ хийн бойлерын дулаан хангамжийн зураг зурдаг байхаар зохицуулсан.

Манай компанийн хашаан доторх авто зогсоол хангалттай ч барилгын доорх дулаан гарааш хангалтгүй байдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтандаа зориулж анх дулаан гарааш оноож өгөхөд дургүйлхсэн. “Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ. Би өөрөө чадна аа. Ганцхан надад битгий анхаар” гэж байсан.  Гэсэн ч ажиллах нөхцөлийг нь сайжруулах зорилгоор түүнд гарааш оноож өгсөн. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдаас давуу эрх эдлэх бус, адил харьцаасай, хандаасай гэж хүсдэг. Жишээ нь, нэгдүгээр давхарт байрлах зоогийн газраасаа хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхаа хоолыг авчраад өгье гэхэд татгалзаад “Би өөрөө очоод хоолоо идчихнэ” гэдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн биржүүдэд ханддаг уу. Эсвэл иргэд өөрсдөө ажилд орохоор ирдэг үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулъя гэхэд тэр бүр олддоггүй. Холбогдох байгууллагуудад хандан хөдөлмөр эрхлэх сонирхолтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байвал холбож өгөхийг, ажлын байраар хангах боломжтой гэж удаа дараа хүсэлт тавьсан ч  мэдээлэл  хангалтгүй байсан. Харин таньж, мэддэг хүмүүсээрээ дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг олж ажиллуулсан тохиолдол цөөнгүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахын давуу тал юу вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилдаа тууштай, түүндээ бүх сэтгэлээ зориулдаг тул байнга 100 хувийн, түүнээс ч илүү гүйцэтгэлтэй байдаг. Ажлын найман цагийг яг л ажилдаа зориулдаг нь бүтээмж нь өндөр байхад нөлөөлдөг болов уу. Залуус нэг ажлын байранд удаан тогтохгүй байх нь ихэссэн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагадаа чадахаасаа чадахгүй хүртлээ ажиллаж чаддаг давуу талтай. Тэд сэтгэл зүйгээрээ 100, магадгүй бүр 200, 300 хувь хатуужсан хүмүүс байдаг юм шиг санагддаг.

Бид манай компанид ажиллаж байсан, ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгааг хийдэг. Үүнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү тогтвор суурьшилтай ажилладаг нь анзаарагдсан. Манай компанийн Дархан-Уул аймаг дахь салбарт ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн анх кассын нярваар ажилд орж байсан бол өдгөө хийн аж ахуйн талаар бүх төрлийн мэдлэгтэй болсон. Газрын тосны чиглэлээр сургууль төгссөн мэргэжилтнүүдээс ч илүү мэдлэгтэй болж, ажилдаа гаршсан. Тэрбээр манайд 2008 оноос хойш ажиллаж байгаа. Ер нь, тухайн хүнд хөгжлийн бэрхшээлтэй, ажлаа сайн хийж чадахгүй гэсэн байдлаар хандвал ажиллах нөхцөл нь бүрдэхгүй, санаа нь зовж ч мэднэ.

-Танай компани хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаад төр, засгаас ямар нэгэн урамшуулал авч байсан уу?

-Төв аймаг дахь түгээх станцад зургаан хүн ажиллаж байсны тал хувь буюу гурав нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад урамшуулал  авч үзсэн. Гэхдээ бидэнд урамшуулал авах нь чухал биш. Хамгийн гол нь бид цөөн ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний замыг гэрэлтүүлж, ажлын байр олдохгүй хэмээн сэтгэл санаагаар унаад явж буй хэн нэгнийг дэмжин, хөгжиж, дэвших боломжоор хангаж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхийг зорьдог. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага 25 ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд түүнээс илүү хүнийг ажлын байраар хангасан тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Миний бодлоор урамшууллыг компанид мөнгөн хэлбэрээр олгохоос илүү тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөгжүүлэх, ажиллах орчныг нь сайжруулахад зориулдаг байх нь зүйтэй.

-Иргэдийг тогтвортой ажиллуулахын тулд ажлын байрны тохируулга хийх, орчны хүртээмжийг сайжруулах нь чухал байдаг. Энэ чиглэлээр танай байгууллага хэрхэн ажилладаг вэ?

-Манайх цөөн тохиолдолд долоо хоногийн зургаан өдөр нь ажилладаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй ажилчид маань ямар ч тохиолдолд ажлын таван өдөр ажилладаг. Хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилчныг долоо хоногт 36 цаг ажиллуулдаг. Илүү цагаар ажиллуулахыг дэмждэггүй. Манай Хүний нөөцийн алба энэ онд тэргэнцэртэй хүнийг ажилд авахаар төлөвлөж байсан. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар дахь оффисынхоо үүдэнд тэргэнцэртэй хүн явахад зориулсан налуу зам барихаар зураг төсөл захиалж хийлгэсэн. Хэдий манайд ажилд орох тэргэнцэртэй хүн олдоогүй ч бид төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхээр бэлтгэж байна. Мөн ариун цэврийн өрөөнийхөө хүртээмжийг сайжруулж, тэргэнцэртэй иргэн үйлчлүүлэх боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Ташрамд хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж өгөхөд анхаарахаас илүүтэйгээр мэргэжлийн сургалтад хамруулах, ажил олгогчидтой холбож өгөх, хөгжих боломжуудыг дэмжсэн ажлуудыг төр, засгаас хийгээсэй гэж хүсэж байна.

-Энэхүү ярилцлагыг уншсан иргэд танайд ажил оръё гэвэл өдгөө сул орон тоо бий юү?

-Манай Хүний нөөцийн алба жил бүрийн эхэнд төлөвлөгөө гаргахдаа нийт хэдэн хүн, тэр дундаа ямар хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэнийг авч ажиллуулах боломжтойгоо тодорхойлдог. Манайд 200 гаруй төрлийн албан тушаал бий. Жишээ нь, яг одоо Диспетчерийн албанд сул орон тоо байна. Тэргэнцэртэй хүн уг ажлыг хийж болно. Бид иргэдийг ажилд авахдаа заавал их, дээд сургууль төгссөн байх шаардлага тавьж, ажлын туршлагатай байх ёстой гэдэггүй. Шинээр ажилд орсон хүмүүсийг сургалтад хамруулж, дадлагажуулдаг. Ярилцлага авахдаа тухайн хүн юуг илүү сайн хийдгийг нь лавлаж, аль болох тохирох ажлын байраар хангахыг хичээдэг. Манайд ажилд орохоор ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг ажилд авахыг хичээдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид урамшуулал, дэмжлэг олгохоор тусгасан. Тухайлбал, 6.1-т “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид байнгын ажлын байраар хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгоно” гэсэн байдаг. Ажил олгогчид үзүүлдэг энэ боломжийн талаар мэдэх үү?

-Тийм ээ. Энэ боломжийн дагуу 2019 онд нэг удаа урамшуулал авч байсан.

-Танай компанид хуульд зааснаас давсан тооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах боломж бий юү?

-Боломжтой. Ер нь тухайн ажилтан ажлаа хийж чадаж л байвал тоо заагаад байх шаардлагагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтайгаа л адил хөдөлмөрлөж, сурч боловсорч, нийгэмд тэгш эрхтэй оролцох ёстой.

Хуваалцах:
Tweet 20