Ч.Отгонсүрэн: Алдартнуудын дүр төрхийг бүрдүүлдэг хүн болохыг хүсдэг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд заавал тусгай сургуульд суралцах бус, ердийн сургуульд тэгш хамрагдаж, сурч, хөгжиж буйг харуулсан жишээ цөөнгүй байдаг. Ийм нэгэн сурагчийг бид ярилцлагад урьж, суралцах үйл явц, хүсэл мөрөөдлийнх нь талаар тодрууллаа. Тэр бол нийслэлийн 76 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Ч.Отгонсүрэн. Цусны хавдрын улмаас нэг нүд нь хараагүй болж, нөгөөх нь маш муу хардаг болсон ч тэрбээр тусгай сургуулийг зориогүй. Харин бусдынхаа адил ердийн сургуульд суралцаж байна. Ээжийнх нь хэлснээр анх алхаж чадахгүй, ойр ойрхон татаж унадаг байсан Ч.Отгонсүрэн охин одоо гэртээ тогтохоо больжээ. Нийгмийн идэвх сайтай, сургуулийнхаа урлагийн үзлэгээр бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлж, зургийн уралдаанд алтан медаль хүртсэн гээд түүний амжилтыг дурдаад байвал нэлээд баялаг юм билээ. Түүний яриа олон хүүхдэд урам зориг өгч, нийгэмд эерэг хандлагыг түгээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
-Нийгмийн идэвх сайтай, хамт олноо манлайлдаг шилдэг сурагч болоход юу хамгийн их нөлөөлсөн бэ. Амьдралын эрч хүч, урам зоригоо хаанаас авдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд би гуравдугаар анги хүртлээ жаахан гадуурхагддаг байсан. “Сохор номин” гэх мэтээр хүүхдүүд надад янз бүрийн нэр, хоч өгдөг байлаа. Би хар шил зүүдэг байсан юм. Харин одоо бол сургуулийн хүүхдүүд, ангийнхантайгаа дотносож, олон найзтай болсон. Тэд намайг сайн ойлгодог, тусалдаг, дэмждэг, мэдэхгүй зүйлийг минь зааж өгдөг. Тэр ч битгий хэл хүүхдүүд одоо надтай найзлахыг хүсдэг болсон. Хэрэв надтай адил хүүхдүүд хаана сурахаа шийдэж чадахгүй байгаа бол манайх шиг сургуульд суралцах бүрэн боломжтой шүү гэдгийг хэлье.
-Ангийнхнаасаа өөр биш, тэдэнтэй адилхан гэдгээ хэрхэн ойлгуулсан бэ?
-Эхэндээ уйлаад, хичээлдээ явмааргүй санагддаг байсан. Гэхдээ хэдий хэцүү байсан ч тусгай сургуульд сурах тухай бодол хэзээ ч төрж байгаагүй. Ээж минь сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багш нартай уулзаад, миний төлөө маш их зүйл хийсэн. Бас хүүхдүүдэд ч ойлгуулж хэлсэн. Ингэснээр ангийнхан минь ойлгож, намайг байгаагаар минь хүлээж авсанд баярладаг. Тэд том болох тусам намайг илүү сайн ойлгож, дэмждэг болсон. Хичээлийн үеэр самбараас хол суухаар хардаггүй. Тиймээс багш намайг дандаа урдуур суулгадаг. Гэхдээ харахгүй үед найз нараасаа асуухаар хэлээд л өгдөг. Урд суувал хангалттай сайн хардаг. Хиймэл нүд маань одоо жижигдээд байгаа, их нуухтдаг. Нүд нуухтаад муухай болчихсон байвал найзууд маань хэлдэг.
–Өөрийгөө бусдад ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд сэтгэл зүйн хувьд олон саад бэрхшээлийг даван туулсан байх. Чамтай адил асуудалтай тулгарсан үе тэнгийнхэндээ юу зөвлөмөөр байна вэ?
-Хүндээр өвдөж, олон удаа хагалгаанд ороод нэг нүд маань харахгүй болсон гэдгийг хүүхдүүдэд их олон удаа тайлбарласан даа. Чи яагаад ийм юм гэж сургуулийнхан маань их гайхаж, сонирхдог байсан. Тэр болгонд тайлбарлаад өгчихвөл ойлгодог. Бас багш нартаа хэлж, тайлбарладаг. Тэд ч намайг хүүхдүүдэд ойлгуулах гэж хичээдэг байсан. Одоо ч хэвээрээ. Энэ бүхний эцэст тусгай биш, жирийн сургуульд сурвал бид илүү ихийг сурч, хөгжинө. Тиймээс ангийнхантайгаа, эргэн тойронд чинь байгаа хүүхдүүд, чамайг гайхаж, сонирхож байгаа хүн бүртэй нээлттэй, эелдэг харилцаж байгаарай. Тэгвэл тэд чамтай найзлахыг хүсэх болно. Харин бусдаас зай бариад, хөндий харилцаж, өөрийгөө тусгаарлаад байвал буруугаар ойлгож магадгүй.
-Хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанд оролцдог, нийгмийн оролцоо сайтай гэж сонссон. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлдэг вэ. Өнгөрсөн зуны амралтаа хэрхэн өнгөрөөв?
-Би солонгос хэл бие даан сурч байгаа. Өмнөд Солонгост очиж үзэхийг мөрөөддөг. Манай гэрийн ойролцоох сүмд солонгос хэл үнэгүй заадаг юм. Эхлээд тэнд суралцаж, анхан шатны мэдлэгтэй болсон. Одоо бол өөрөө өөртөө л багшилж байна даа. Утсанд минь солонгос хэл сурах аппликэйшн бий. Зуны амралтаараа бие даан нэлээд олон хичээл үзлээ. Солонгос хэлний ерөнхий бүтэц нь монголтой төстэй учраас сурахад хэцүү санагддаггүй. Мөн солонгос хэлийг өөрөө сурахын зэрэгцээ бусдад заавал илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Тиймээс хоёр найздаа зааж байгаа. Ингэснээрээ мэдэхгүй зүйлээ өөрөө ч бас хамт сурч, илүү үр дүн гарч байх шиг санагдсан.
Бас зуны амралтаараа бужо дэвтэр хөтөлсөн. Гурван дэвтэрт тэмдэглэл хөтөлж дуусгалаа. Бужо дэвтэр дээрээ солонгосоор бичдэг. Өдөртөө хийх зүйлээ ч солонгосоор бичиж, тэмдэглэхийг хичээдэг. Монголоор бичихээр заримдаа ээж, эгч нар маань уншчих гээд байдаг юм (инээв).
-Хичээлээ судлахын зэрэгцээ энэ мэтээр чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах боломж танай үеийнхэнд хэр байдаг вэ?
-Боломж олон бий. Жишээ нь, би сургуулийнхаа бүжгийн дугуйланд хичээллэдэг байлаа. Хэдийгээр одоо сургалтдаа суухгүй байгаа ч гар утсандаа “Тикток” зэрэг аппликэйшн суулгаснаар олон төрлийн бүжиг сурдаг.
-Аль хичээлдээ илүү дуртай вэ?
-Математик, орос хэлний хичээл сонирхолтой. Дуртай болохоор энэ хоёр хичээлдээ илүү сайн суралцдаг. Багш нар минь ойлгомжтой, сайн тайлбарладаг. Бас эелдэг, сайхан ааштай. Хэрэв багш нар муухай ааш гаргаад байвал хичээлийг нь ойлгохгүй, хангалттай сайн дүн авч чадахгүй шүү дээ.
-Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил шахмын хугацаанд сурагчид цахим, теле хичээл үзсэн. Танхимд хичээллэхгүй, найзуудтайгаа уулзахгүй болохоор хэцүү байсан уу. Эсвэл хүндрэл харьцангуй бага байв уу?
-Ер нь нэлээд хэцүү байлаа. Жишээ нь, орос хэл сурч эхлээд удаагүй байхад танхимын сургалтыг зогсоосон. Гэтэл теле хичээл зааж байгаа багш нар шууд л оросоор ярьчихдаг байлаа. Анхлан суралцагч учраас ярьсныг нь ойлгохгүй, асууж тодруулах зүйл ч нэлээд их гардаг байсан. Мөн цахимаар хичээллэхээр өглөөнөөс орой болтол ширээнээс босдоггүй байлаа. Тиймээс цахимаар суралцах үед илүү ядардаг. Танхимд хичээллэх үед ядаж л завсарлагаанаар ангиасаа гарч, найзуудтайгаа алхан, биеийн тамирын хичээлийн үеэр дасгал, хөдөлгөөн хийдэг шүү дээ.
-“Ковид-19” сурлагад чинь яаж нөлөөлсөн бол?
-Бичгийн хэлбэр муухай болсон байх. Бас зарим хичээлийн дүн жаахан буурсан.
-Долдугаар ангийн сурагч учраас ирээдүйд ямар ажил хийхээ хэдийн бодож, төлөвлөөд эхэлсэн байх. Ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?
-Мake-up artist болохыг мөрөөддөг. Тодруулбал, алдартнуудын дүр төрхийг бүрдүүлдэг хүн болохыг хүсэж байна. Би үүнийг л хийж чадах юм шиг санагддаг. Ангийн багш минь дизайн, технологийн хичээл заадаг юм. Багш миний энэхүү сонирхлыг ихэд дэмжиж, тусалдаг. Солонгос хэлээ сайн сурчихвал, бас коронавирусийн халдвар гайгүй болчихвол БНСУ-д очиж амьдарна. Орчин нь маш гоё юм шиг санагддаг. Бас Солонгосын урлагт их дуртай.