“Хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал” сэдэвт цахим сургалт эхэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа L3605/G9191: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал” сэдэвт цахим сургалтыг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна

Уг төслийн 6 аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг бэлтгэх ээлжит сургалтын нэг болох энэ сургалт нь хөгжлийн төвд ажиллах хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Сургалтаар суралцагсад нь Монгол Улсад хараахан хөгжөөгүй хүүхдийн хөдөлгөөн болон хөдөлмөр заслын үнэлгээний аргуудыг суралцах, тархины саажилтай, мэдрэхүйн болон аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн кейс хэлэлцэх аргад тулгуурлан мэдлэг ур чадвараа сайжруулах болно.

Сургалт нь 2 үе шатаас тогтох ба эхний хэсэгт (онлайн сургалт) оролцогчид өөрсдийн эмчилж буй хүүхдийн видео бичлэгийг хийж, хэлэлцүүлэгт ашиглана.

  • Хүүхдийн хөгжлийн тухай сүүлийн үеийн мэдээлэл сэдвээр

 Dr. Lowana Lee, OT, Канад улсын Рон Жойсын хүүхдийн эрүүл мэндийн төв, Макмастер хүүхдийн эмнэлгийн эмч, Клиникийн туслах профессор; Макмастерын их сургууль, Сэргээн засах шинжлэх ухааны сургуулийн багш

  • Мэдрэхүйд суурилсан тусламж үйлчилгээ сэдвээр

Dr Nikki Ow, PhD, Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн төгсөлтийн дараах судалгааны төвийн судлаач, хөдөлмөр засалч

  • Тархины саатай хүүхдийг зөв байрлуулах сэдвээр

Ms Kari Steer, Австралийн, Мелбурны Рояал Хүүхдийн эмнэлгийн хөдөлгөөн засалч

  • Тохиолдолд суурилсан тархины саагийн тухай хэлэлцүүлэг, Тархины саатай хүүхдийн хөдөлмөр засал, Гарын үйл ажиллагааны хөдөлмөр засал сэдвүүдээр

Dr Sue Greaves, PhD, Австралийн, Мелбурны Рояал Хүүхдийн эмнэлгийн хөдөлмөр засалч

  • Peabody Developmental Motor Scales 2; (PDMS-2), Bruininks-Oseretsky Test of Motor Proficiency 2 (BOT-2) зэрэг сэдвүүдээр

Jacqueline Au-Yeung, Хонг Хонгийн политехникийн их сургууль, Сэргээн засах анагаах ухааны сургууль, Хөдөлгөөн заслын тэнхимийн багш, Хонг Конг

  • Мэдрэхүйн боловсруулалтын үнэлгээ (Sensory Processing Measure-SPM) сэдвээр

Shirley Tse, Хонг Конгийн сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн хөдөлмөр засалч

  • Алхааны үнэлгээ ба тусламж үйлчилгээ сэдвээр

Ms Milan Leung, Хонг Конгийн Layken хөдөлгөөн заслын эмнэлгийн хөдөлгөөн засалч

  • Хүүхдийн ХЗ, ХөдЗ-ын ирээдүйн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг

 Sheila Purves, Хонг Конгийн Сэргээн засахын нийгэмлэгийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч MCDS consultancy компанийн олон улсын зөвлөх багш,  уг сургалтад уригдан оролцож байна.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн эрхлэгч, хөдөлгөөн заслын багш Д.Батлхам, хөдөлгөөн заслын багш Х.Ариунаа, хөдөлгөөн заслын багш Б.Мөнх-Эрдэнэ хөдөлмөр заслын багш С.Булганчимэг, хөдөлмөр заслын багш М.Эрдэнэцэцэг, Монголын Портежийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Батгэрэл, Монголын Аутизмын холбооны багш Д.Энхтүвшин, Э.Энх-Оюун, ДЭМБ-ийн сэргээн засах хариуцсан дотоодын зөвлөх Б.Золзаяа, орчуулагч Н.Пүрэвсүрэн нар уригдан, сургалтыг хамтран зохион байгуулж байна.

Сургалтад улсын хэмжээний 53 байгууллагын хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, эмч, сувилагч, багш зэрэг мэргэжлийн 130 гаруй хүмүүс бүртгүүлэн оролцож байна.

Цаашид уг сургалтаар дамжуулан төслийн зургаан аймагт ажиллах хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нарын нөөц бүрдэх болно.

Хуваалцах:
Tweet 20