Төслийн хүрээнд Сул харааны мэргэжилтэн бэлтгэх танхимын сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа.
Төслийн хүрээнд баригдаж байгаа Архангай, Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг бэлтгэх ээлжит сургалт нь Монгол Улсад хараахан хөгжөөгүй сул харааны мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр боловсруулах, сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сул харааны үйлчилгээг тогтолцоонд нэвтрүүлэх зорилготой нүдний эмч нарт зориулагдсан бөгөөд сургалтаар дараах чадваруудыг сурсан. Үүнд: Сул хараатай хүүхэд, насанд хүрэгчдэд эрт үеийн дэмжлэг үзүүлэх, туслах бүтээгдэхүүнийг зөв сонгох, нийгэмд бие даан амьдрахад нь туслах, дэмжих, түүнчлэн хугарал болон сохролыг сул хараанаас ялгаж сурах.
Сургалтыг Австрали улсын Фред Холловс сангийн мэргэжилтэн, оптометрийн шинжлэх ухааны доктор, профессор Мэй Хо, тус төслийн С2 багцын олон улсын зөвлөх, Канад, Хонг Конг улсын иргэн Шэйла Пүрвэс нар удирдан явуулж, суралцагсад 61 цагийн сул харааны шинжлэх ухааны онол, практик хосолсон сургалтаар дараахь мэдлэг, ур чадварыг эзэмшлээ. Үүнд:
- Харааны эмгэгүүд, сул хараа, харааны бүрэн алдагдлын ялгаа
- Сул харааны шалтгаан, шинж тэмдэгүүд
- Сул харааны эмнэл зүйн үнэлгээ, LogMAR
- Үлдэгдэл харааг үнэлэх
- Үйл ажиллагааны харааны тухай
- Харааны эмгэг, сул хараа, сохрох зэрэг нийтлэг шалтгаануудын үед авах үндсэн тусламж үйлчилгээ
- Сул хараатай өвчтөнд өгөх зөвлөгөө
- Сул харааны оптик ба оптик бус төхөөрөмж, тэдгээрийн хэрэглээ
- Шаардлагатай үед үйлчлүүлэгчид тохирсон лавлагаа шатлал руу илгээх
- Сул харааны тусламж үйлчилгээний төлөвлөгөө
- Сул харааны хүүхдийн үйл ажиллагааны харааг үнэлэх
- Хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сул харааны менежмент
- Хүүхдэд хэрэглэдэг сул харааны хэрэгслүүд
- Хөдөлгөөн ба орон зайн баримжаа
Сургалтад төсөл хэрэгжүүлж буй 6 аймагт нүдний эмчээр ажилладаг нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар болон Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Сайт нүдний эмнэлгийн эмч нар оролцсон.
Цаашид уг сургалтын оролцогсод нь дараах үүргийг хүлээх болно. Үүнд:
1. Хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн тусламжийн түвшинд сул харааны харааны клиник байгуулах талаар төлөвлөх;
2. Хөгжлийн төвийн олон мэргэжлийн багийн болон УБ хотын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах;
3. Улаанбаатар хотоос оролцогчид аймгийн лавлагаа төвүүдэд дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх, сул харааны тусламж үйлчилгээг үндэсний түвшинд үзүүлэх талаар төлөвлөх.
Сургалтыг үеэр сул харааны үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар олон талт уулзалт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан ба тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад сул харааны үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, хүний нөөц боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, сул харааны туслах хэрэгслүүдийг ханган нийлүүлэх зэрэг олон талт асуудлаар хэлэлцсэн.