Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадварыг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилалд суурилсан үнэлгээний аргачлалыг турших сургалт

Төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадварыг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилалд суурилсан үнэлгээний аргачлалыг турших” танхимын сургалтыг 2022 оны 5 дугаар сарын 23-наас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, төслийн С3 багцын олон улсын зөвлөх БНСУ-ын иргэн Профессор Лий Жунг Жу, үндэсний зөвлөх Ц.Алтаннавч, төслийн баг хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь олон улсад хэрэглэгдэж байгаа ч Монгол Улсад хараахан нэвтрээгүй  Үйлдлийн олон улсын ангиллын талаар нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болох, хөгжлийн бэрхшээлийг цогц байдлаар үнэлж тодорхойлох аргачлалд суралцах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадварыг Үйлдлийн олон улсын ангилалд суурилсан үнэлгээний аргачлалаар үнэлэх, уг үнэлгээний хэрэгслийг ашиглан цогц дэмжлэгийн үйлчилгээг тодорхойлж сурах, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн загвараар бус, нийгмийн загвараар хандах хандлагын өөрчлөлт хийхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.  

Сургалтад орон нутгаас төсөл хэрэгжиж буй Архангай, Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгаас гадна Дорноговь, Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын магадлагч эмч нар, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга нар, Улаанбаатар хотоос 6 дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комиссын магадлагч эмч нар, бусад холбогдох хүмүүс хамрагдсан. 

Сургалтын үр дүнд суралцагсад дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн. Үүнд:

  • Монгол Улсад Үйлдлийн олон улсын ангиллыг нэвтрүүлэх хэрэгцээ үүссэн байдал, Үйлдлийн олон улсын ангиллын тухай ойлголт, тодорхойлолт болон Үйлдлийн олон улсын ангиллыг Солонгос болон бусад орнуудад хэрэгжүүлсэн туршлагатай танилцах;
  • Үйлдлийн олон улсын ангилалд суурилсан хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох аргачлалд, тухайлбал хөдөлмөрийн чадварын үнэлгээ хийж сурах;
  • Үйлдлийн олон улсын ангилал,  Өвчний олон улсын 10 дугаар ангилал (ICD-10)  болон эрүүл мэндийн бусад үнэлгээний аргачлалын хоорондыг ялгааг ойлгох;
  • Нийгмийн хэрэгцээ (хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох) ач холбогдлыг ойлгох;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх дэмжлэгийн үйлчилгээний судалгаа хийх хүснэгтийг хэрэглэж сурах;
  • Хэрэглэгчийн хэрэгцээг харгалзан, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн үйлчилгээг ангилж, тодорхойлж сурах; 
  • Хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, тэдэнд дэмжлэг үзүүлэх салбар дундын (эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэх мэт) мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбооны ач холбогдлыг ойлгох, практикт  хэрэгжүүлж сурах, энэ чиглэлд өөрийгөө хөгжүүлэх сэдэл, сонирхол бий болгох зэрэг мэдлэг хандлагатай болох;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадварыг Үйлдлийн олон улсын ангилалд суурилсан үнэлгээний аргачлалаар үнэлгээ хийж сурсан.    
Хуваалцах:
Tweet 20