Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”ийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгийн ажил эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 16-нд Монгол Улсын Засгийн газар Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт загвар бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барих шийдвэрийг гаргаж, Азийн хөгжлийн банкны хэлэлцээрийг баталгаажууллаа.
Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр шаардлагатай зардлыг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулах тогтоол гаргаж, дүрмийг баталсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, орон нутагтаа сэргээн засалтын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.
Төв шаардлагатай үед бүсийн болон ойролцоох аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд холбогдох сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.